АНУ-ын тэнгисийн цэргийн цохилт өгөх хүчин Солонгосын хойг руу хөвж яваа гэсэн мэдээлэл худал байжээ. Нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” онгоцоор толгойлуулсан цохилт өгөх хүчин Солонгосын хойг хавьд биш Австралийн ойролцоо байгаа хэмээн АНУ-ын Номхон далайн командлал мэдээллээ.
Цохилт өгөх хүчин анх төлөвлөж байснаар Австрали руу сургуулилалт хийхээр очоод байгаа бөгөөд Korea Times-ийн мэдээлснээр одоо Индонезийн Суматра болон Жава арлын хооронд Сунда хоолойд байгаа гэжээ. Washington Post сонин өнгөрсөн хугацаанд цохилт өгөх хүчин Энэтхэгийн далайг хөндлөн хөвсөн хэмээн бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийнхүү Хойд Солонгосыг худал мэдээллээр төөрөгдүүлсэн байна.
Хойд Солонгос ээлжит цөмийн пуужингийн туршилт хийсний хариу болгон Австрали руу хөвж явсан байлдааны хөлөг онгоцуудад чиглэлээ өөрчлөн Солонгосын хойг руу хөвөх тушаал өгсөн хэмээн АНУ дөрөвдүгээр сарын 9-нд мэдээлсэн юм. Үүний хариуд Хойд Солонгос хариу цохилт хийхэд бэлэн хэмээн тэр дор мэдэгдэл хийсэн билээ.
Байлдааны хөлөг онгоцууд Солонгосын хойг руу очих тушаал авсан мэдээ дэлхий нийтийг түгшүүрийн байдалд аваачсан юм.
А.ТУЛГА