Улаанбаатарт яг одоо шороон шуургатай, харагдах орчин хязгаарлагдмал байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө, маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, зорчигч, жолооч нар анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.
2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Дөрөвдүгээр сарын 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ