УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.04.19/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нар санаачлан боловсруулсан юм.
Монгол Улстай ижил төстэй, нээлттэй эдийн засаг бүхий жижиг улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой байдаг аж.
Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах. Мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зэргийг зөвшөөрч байгаа бол хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хоригложээ.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулах банкууд хуулийн төсөлд заасан үйл ажиллагаа явуулах хязгаарлалтын дагуу дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээс бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй байх зохицуулалтыг санал болгож байгаа аж.
Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй” харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм.
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчинг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээж өгнө гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Чинзориг: Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь буюу 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Яагаад зээлийн хүү буурахгүй байна вэ. Энэ хууль батлагдсанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаатай зөрчилдөх үү. Гадаадын хөрөнгө оруулалтын банк заавал төлөөлөгчийн газраа оруулж ирсэн байх ёстой юу?
Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Одоо үйл ажиллагаа явуулж байгаа банкууд зөвхөн дүрмийн санд л мөнгө эзэмших хэлбэрээр орж ирсэн. Түүнээс бус урт хугацаатай хөрөнгийн урсгал нэмэх агуулгатай биш. Тиймээс шинээр хууль батлан гаргаснаар эрх зүйн тогтолцоог нь боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хөгжлийн банктай зөрчилдөх асуудал гарна, өрсөлдөөн үүснэ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, эрсдлийг нь бууруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Нэг жил хүртэлх хугацаанд төлөөлөгчийн газраа байгуулсан бол асуудлыг харгалзаж үзнэ гэдэг нь өнөөдөр үйлчилж байгаа төв банкны хуулинд байдаг. Учир нь нэг жилийн хугацаанд санхүүгийн асуудлыг нь судлах зорилготой юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бизнесийн үйл ажиллагаа явуулах хүмүүс эдийн засгийн сонирхлоо дагаж орж ирнэ. Тиймээс хууль батлагдсанаар эдийн засгийн ямар орчин бүрдэх вэ. Олон улсын валютын сан Монголоор валютын урсгалыг дамжуулахын эсрэг байна гэнэ лээ. Ханш нь өсөөд байгаа валютыг эмчлэхгүй бол валютын сан бидэнд хэрэггүй.
Төсөл санаачлагч Б.Жавхлан: Валютын урсгал бизнесийн орчноос хамаардаг. Харамсалтай нь, Оюутолгой зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн мөнгөний урсгал дандаа гадаад улсаар явахаар заачихсан юм билээ. Тэгэхээр цаашдаа гаднын банк, санхүүгийн институцийг татъя гэвэл хөрөнгө оруулалтын урсгалыг манайхаар дамжуулах хэрэгтэй. Эдийн засгийн идэвхижил саарч, зээлжих зэрэглэл буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай банк шахалдан орж ирэх нь юу л бол. Гэхдээ бид энэ хуулийг баталснаар эрх зүйн хувьд нь нээлттэй болгож өгнө гэсэн хариулт өгсөн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хуулийн төслийг дэмжиж байна. Арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг болсон. Сүүлийн 25 жил үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкнуудын ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Үндэсний баялаг бүтээгчдэд хямд хүүтэй, урт хугацаатай зээлийг оруулах боломж байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд эдийн засгаа боомилсон бодлого явуулсан. Сүүлдээ арилжааны банкууд зээл өгдөг биш хадгаламж татдаг, Засгийн газрын үнэт цаас байршуулдаг газар болоод байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын банк байгуулагдах эрхзүйн үндэс бий болох ёстой. Баялаг бүтээгчдийнхээ бизнесийг худалдаж авдаг процесс амьдрал дээр байна. 20 гаруй жил зүтгэсэн бизнесийг нь арилжааны банкууд зээл татан байгуулж байна гэсэн юм.
Г.ДАРЬ