Монголд анх удаа хийсэн дурангийн мэс засал амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа хийсэн дурангийн мэс засал амжилттай боллоо

РОБОТ МЭС АЖИЛБАР ХИЙНЭ ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ БАЙСАН

Хэдэн хоногийн өмнө робот мэс засал хийх нь гэсэн шуугиан гарч байсан. Гэтэл энэ нь ташаа мэдээлэл байжээ. Солонгосын “Вон ган” Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх “Вон ган” эмнэлгийн дурангийн мэс заслын буюу Урологийн тасгийн эмч нар болон Монголын төмөр замын харьяа Төмөр замын нэгдсэн эмнэлэгт Монголд анх удаа дурангийн мэс заслыг өчигдөр хийлээ. Энэхүү дурангийн мэс ажилбарыг тус “Вон ган” эмнэлгийн эмч ажилтнууд робот мэс ажиллагаа хэмээн нэрлэдэг аж. Технологийн дэвшил болсон уг мэс ажилбарыг Монголд анх удаа тэр тусмаа Төмөр замын эмнэлэгт хийсэн бөгөөд тун амжилттай болов. Анхны эмчлүүлэгч нь 65 настай, түрүү булчирхайны хоргүй хавдартай иргэн байсан ба ямар нэгэн хүндрэл байхгүй мэс засал дууссан юм. Уг мэс ажилбар өглөө 10 цагаас эхэлж 12 цаг 20 минутад дуусав. Үүний дараа дахин мэс ажилбар хийхээр бэлдэж байв. Юутай ч робот бие даан мэс ажилбар хийнэ гэдэг нь ташаа мэдээлэл байсан бөгөөд Солонгосын “Вон ган” эмнэлгийн Урологийн тасгийн доктор, профессор Им Жон Шиг болон Монголын төмөр замын дэргэдэх Орос-Монголын хамтарсан Төмөр замын эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Я.Болдбаатар болон Н.Сайнзориг нарын хүмүүс хамтран анхны мэс ажилбарыг хийсэн юм. Энэ нь манай улсын хувьд том дэвшил бөгөөд цаашид энэ мэс ажилбарыг дэлгэрүүлэх, аюулгүй, найдвартай байдлыг хангахад нэлээдгүй дэвшил болсон хэмээн эмч нар онцолж байв.Уг мэс ажилбар нь Солонгос улсад нэлээд өргөн тархсан бөгөөд цаашид Монгол эмч нарыг бэлтгэн сургаж, хамтран ажиллах аж. Тус мэс засалын аппарат нь хэвлий орчимд мэс засал хийх зориулалттай юм байна.Ийнхүү шинэ технологи, шинэ эмч мэргэжилтнийг Төмөр замын эмнэлгийнхэн өлгийдөн авсандаа туйлын баяртай байв.

АНХНЫ МЭС АЖИЛБАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Орос-Монголын хамтарсан Тө­мөр замын эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Я.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

    
-Монголын төмөр замын дэргэдэх Төмөр замын эмнэлэгт хийсэн дурангийн анхны мэс ажилбар амжилттай боллоо. Энэ тухайд?

-Энэ нь манай улсад хийж байгаа анхны дурангийн робот мэс ажилбар юм. Уг мэс ажилбар нь найдвартай, сайтар бэлтгэгдсэн, нарийн үйл ажиллагаа бөгөөд мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гарсангүй. Эмчлүүлэгч маань 65 настай түрүү булчирхайны хавдартай хүн байсан.Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн байна. Бид одоо дахин мэс ажилбартай болохоор түүндээ бэлдэж байна.

-Робот мэс засал хийнэ гэдэг нь ташаа мэдээлэл байсан уу?

– Роботоор мэс засал хийнэ гэдэг ташаа мэдээлэл байсан. Энэ мэс ажилбарыг Солонгост “Робот мэс засал” гэдэг л дээ. Энэ бол хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн нарийн технологи юм. Бид уг технологийг нэвтрүүлснээр нэгэн шинэ хуудасыг нээж байгаа юм. Энэ нь манай эрүүл мэндийн салбарт гарсан томоохон дэвшил юм. Цаашид бид олон эмч мэргэжилтэн бэлтгэх зорилготой байгаа.

-Хаана энэ мэс ажилбарын мэр­гэжлийг эзэмшсэн бэ?

-Манай эмнэлгээс хоёр эмч Солонгосын “Вон ган” Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх “Вон ган” эмнэлэгт зургаан сарын хугацаатай сургалтад хамрагдаад ирсэн юм. Манай тасгийн мэс заслын эмч Н.Сайнзориг бид хоёр уг сургалтад суусан, ямар нэгэн хүндрэл байгаагүй. Цаашид энэ мэс ажилбарыг Н.Сайнзориг эмч бид хоёр гардан хийх болно.

-Үүнээс хойш Монголд хэвлийн мэс заслыг танай эмнэлэг хийж байх уу?

-Ер нь бол хэвлийн хэсгийн мэс заслыг манай улсад хийдэг л дээ. Харин яг дурангийн мэс заслийн аргаар хийж байгаагүй. Энэ нь манай эмнэлэгт нэгэн шинэ хуудас болж байгаа юм. Бид цаашид хэвлийн хэсгийн мэс заслыг Монголдоо, тэр дундаа Төмөр замын эмнэлэгт хийж байх болно.

-Энэ мэс заслын аппаратын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Хэвлийн хэсэгт дурангаар хийх мэс заслын робот аппарат нь саяхнаас дэлхийд хөгжиж байгаа шинэ технологи юм. Энэ аппарат нь хэвлий, сав  гэх мэт хэвлий орчмийн бүхий л хэсэгт мэс ажилбар хийх зориулалттай юм. Энэхүү аппаратыг Төмөр замын 60 жилийн ойн баяраар хүлээн авч байгаа даа туйлын баяртай байна.  

ӨВДӨЖ ЗОВСОН ХЭН НЭГЭНД МАНАЙ ҮҮД ХААЛГА
ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БАЙНА


Солонгос улсын “Вон ган” эмнэлгийн мэс заслын тасгийн доктор, профессор Им Жон Шигоос зарим зүйлийг тодрууллаа.

    
-Мэс засал амжилттай боллоо. Энэхүү робот мэс заслын талаар тайлбар өгнө үү?

-Мэс ажилбар амжилттай боллоо. Монголд робот мэс ажилбарыг хийх нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэн сургасандаа туйлын баяртай байна. Тус мэс заслын аппаратын хувьд хэвлийн хэсгийн аль ч хэсэгт дурангийн аргаар мэс ажилбар хийх чадалтай эд. Уг аппарат нь нарийн мэргэжлийн, хийхэд хүндрэлтэй мэс ажилбарийг хийхэд зориулагдсан бөгөөд нэлээдгүй нарийн технологи юм.

-Монгол эмч нарын талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол эмч нар ажил мэргэжлийн тал дээр нэлээдгүй сайн бэлтгэгдсэн чамбай эмч нар. Монголын хувьд ганц нэг дутаг­далтай тал бий. Техник хэрэгслийн хувьд хангалт жаахан муу санагдсан. Энэ бүгдийг засаж залруулж чадах юм бол Монгол эмч нар дэлхийд дээгүүрт орж чадна. Бид цаашид Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Үүгээр ч зогсохгүй чанартай боловсон хүчин, чадварлаг эмч нарыг өөрийн оронд бэлтгэхийг хүсэж байна.

-Та Монголд дахин робот мэс засал  хийх үү?

-Монголчууд ер нь Солонгос эмчээр хагалгаа хийлгэх хүсэлтэй байдаг юм билээ. Хэрэв хүсвэл манай үүд хаалга хэнд ч нээлттэй байх болно. Энэ бол шинэ алхам, бид цаашид энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж