Олимпийн аваргыг ялагч | News.MN

Олимпийн аваргыг ялагч

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

76:1 - БИЛЭГТ

Олимпийн аваргыг ялагч

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Магваны БИЛЭГТ-ийг танилцуулж байна.

Төрийн өндөр дээд алба хашиж байхдаа хууль бусаар хөрөнгөжин, түүнийгээ оффшор бүсэд байршуулсан бол хариуцлагаа хүлээн огцрохыг шаардаж, оффшорын эсрэг тэмцэх лобби бүлэг байгуулснаа зарласан УИХ-ын арван гишүүний нэг нь М.Билэгт юм.

Оффшорын эсрэг тэмцэх лобби бүлгийн анхны ажил УИХ-аас оффшорыг зохицуулах хуулийг батлуулснаар эхэлсэн бол одоо УИХ-ын харьяанд оффшорт хяналт тавих дэд хороо ажиллах ёстой гэж үзэж байна.

Олон нийтийн зүгээс оффшорыг зохицуулах хуулийг “Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг хууль” гэж тодотгож байгаа бол М.Билэгт гишүүний хувьд “Хууль үйлчилж эхэлснээр ёс зүйгээр зохицуулагдахгүй байгаа олон асуудал цэгцэрнэ” гэж үзэж буй.

Бөхөөр яривал, олимпийн аварга Н.Түвшинбаярыг “өвдөг шороодуулсан” түшээ юм.

2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихэд олимпийн аваргатай учраа таарчээ. Энэ сонгууль нь түүний хувьд гурав дахь удаагийн сонгууль байв. 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн тасралтгүй Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч тэр бүрт ялагдаж явсаар гурав дахь удаагийнханд амжилттай оролцжээ.

Барилгын техникумыг, Геодезийн техникч мэргэжлээр төгссөн. 1980-аад оны үед хөдөө орон нутагт техникумын анги очих нь ховор. Ирлээ гэхэд дарга нарын голдуу хүүхэд хуваарийг нь арын хаалгаар авдаг байсан аж. Харин тэр жил сурлагын үзүүлэлтээр нь хуваарилснаар М.Билэгтэд Барилгын техникумд суралцах эрх таарч, Улаанбаатар хотын оюутан болжээ.

Сургуулиа төгсөөд Улсын геодези, зураг зүйн газар техникчээр ажиллах болсон байна. Удалгүй тус газрынхаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга болж томорчээ.

Харин Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр Эвлэлийн хорооны дарга нар ажилгүй болж, цомхотголд өртөхөд амьдралаа авч явахын тулд оёдолчин болсон.

Эцэг, эхээс арвуулаа шахам өнөр өтгөн айлын ууган охин тул тэр үеийнхний жишгээр ээждээ нэмэр болж, дүү нарынхаа дээл, хувцсыг оёж сурсан нь амьдралд нь хэрэг болж, нэг хэсэгтээ үйл хийжээ.

Картын бараанд шилжиж, өмсөх зүүхээр ховордсон цаг үе байсан тул цамц, хослол, хантааз гээд юм, юм л оёж, нөхөрлөл, хоршооны дэлгүүрт тавьж заруулдаг байсан гэнэ.

Гэтэл монголчууд Эрээн рүү наймаанд явдаг болж, эрээн мяраан хувцас хунар авчирах болсноор оёсон юмнууд нь зарагдах нь багасч, эрэлт муудахад ажлаа солихоос аргагүй болж, ганзагын наймаанд гарчээ.

Нөхөр нь Эрээн гарч бараа татаж ирнэ, түүнийг нь М.Билэгт хойд хөрш рүү гаргаж зарна. Нэг “гахай” 50-60 кг татна. Эмэгтэйчүүдийн хувьд амаргүй хөдөлмөр. Гэвч түүнийгээ үүрч, дүүрэн явж борлуулж нэлээд хэдэн жилийг ардаа хийн зүтгэжээ.

Оросын цагдаа нарт “гахай” үүрч явж таарвал бараагаа хураалгах эрсдэлтэй, бараагаа зарчихаад валютаа солиулахад ченж нарт нь хулхидуулах тохиолдол ч гарна.

Тэр үеийн ганзагын наймаачдын туулсан зовлон бүрийг туулж, шантрахгүй зүтгэсээр ард нь гарчээ.

Дөрвөн жилийн дараагаас урд, хойд хөршийг зорьдог урсгалаа сааруулж, Герман явж, шоклад бөөндөх болсон байна. Нэг ёсны овоо том хөдлөх эргэлтийн хөрөнгөтэй болсон тул барааныхаа нэр төрлийг үндсэнд нь өөрчилж, хүнсний бараа руу орж эхэлсэн нь энэ аж.

Гадаад руу явж нүд тайлж эхэлсний хүчинд хүнсний бүтээгдэхүүн зарахад тохилог орчин хэрэгтэйг олж харан дэлгүүр бариулах ажилдаа оржээ. Монголд анхны гэж хэлж түрээсийн хувийн дэлгүүр ашиглалтад орсны нэг нь “Ачлал” дэлгүүр юм байна.

“Ачлал”-ын М.Билэгт гэж нэрлэгддэг нь ийм учиртай.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр 750 сая төгрөгийн өртөгтэй нэг хаустай хэмээн мэдүүлжээ.

УИХ-д сонгогдсон цагаасаа хойш Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн гишүүдийг эмэгтэй гишүүдийнхээ хамтаар санаачлан, өргөн мэдүүлж, батлуулсан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1977 онд 8 жилийн дунд сургууль

1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч

1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач

1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1981-1986 онд Улсын геодези, зураг зүйн газар техникч

1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга

1995-1997 онд “Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал

1997-2015 онд “Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2004-2015 онд “Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2016 онд “Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2015-2016 онд “Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2016 онд “Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2016 онд “Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2015 онд “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

1991 онд АХ-ын 70 жилийн ойн медаль

2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль

2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2009 онд Алтан гадас одон

2011 онд АХ-ын 90 жилийн ойн медаль

2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж