Бүсгүйчүүд шүүгээ дүүрэн хувцастай ч заримдаа өмсөх хувцас олдохгүй үе бий. Тэгвэл энэ бэрхшээл эрчүүдэд ч бас тулгардаг гэнэ.
1970-аад онд Лондонгийн нэгэн дэлгүүрийн эзэн “Жижиг шүүгээ” хэмээх ойлголтыг бий болгосон түүхтэй.
Үүнээс хойш хэдхэн жилийн дараа дизайнер Донна Каран эмэгтэйчүүдийн ажлын хувцасны цуглуулгыг танилцуулсан ажээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээг хялбар болгоод зогсохгүй байнга ашиглагддаг байхад зориулагджээ.
Хэдийгээр “жижиг шүүгээ” нь өнгөрсөн зуунд бүсгүйчүүдийн дунд нэр хүндтэй байсан ч өнөөдөр тэр эрчүүдийн загварын ертөнцөд эрэлттэй байх болжээ.
Энэхүү хувцасны шүүгээнд цамц, өмд, хүрэм, гутал зэргийг багтааж болно. Харин гоёл чимэглэлийн зүйл, тусгай зориулалтын хувцас, цагаан хэрэглэл, биеийн тамирын хувцас зэргийг багтаахад төвөгтэй. Өөрөөр хэлбэл, та зөвхөн нэг улирлын турш өмсөх ажил хэрэгч хувцсаа ялгаж, жижиг шүүгээнд хийнэ гэсэн үг.
Энэ нь таныг өдөр тутамдаа толгой өвдөхгүйгээр хувцсаа сонгон өмсөхөд тусална гэдэгт итгэлтэй байж болно.
ЯАГААД “ЖИЖИГ ШҮҮГЭЭ” ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Дүүрэн хувцастай шүүгээ байдаг ч өмсөх хувцасгүй мэт санагддаг бол
- Хувцас сонгож өмсөхдөө цаг их зарцуулдаг бол
- Шүүгээнээс сонгосон хувцас чинь танд таалагддаггүй байгаа бол
- Шүүгээ дүүрэн сонголт байхад нэг л хувцсаа байнга өмсдөг бол
Хэрвээ та өдөр тутамдаа ийм асуудалтай тулгардаг бол “Жижиг шүүгээ”-ний хэрэгцээ танд байна гэсэн үг. Жижиг шүүгээ танд маш сайн туслах болж чадна. Хамгийн гол нь ийм шүүгээтэй залуус хувцаслалтдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Гол нь шүүгээг яаж ашиглахаа тодорхойлох нь чухал. Энэ нь аялалд явахдаа чемодантай хувцсаа бэлддэгтэй л адил.
Та аялалд явахдаа цаг агаар, аяллын онцлогийг харгалзан, чемодантай хувцсаа бэлддэг. Энэ үед бид алдаа гаргаж эхэлдэг ажээ. Олон хоногоор аялалд явахдаа олон хувцас авч явах шаардлагагүй. Зөвхөн ямар ч нөхцөл байдалд өмсч болохуйц, цөөн хэдэн хувцас сонгох хэрэгтэй.
GG-г үүсгэн байгуулагч Свенн Рафаэль Шнайдер 2015 онд Европт 15 долоо хоногийг өнгөрүүлжээ. Тэрбээр хоёр ээлжийн хүрэм, хоёр гадуур хувцас, шилмэл хүрэм, зургаан хос өмд болон дөрвөн хос гуталтайгаар 105 өдрийг өнгөрүүлжээ. Зөвхөн эдгээр хувцастай байхад л тэр ямар ч нөхцөлд бэлэн гэдгээ мэдэрсэн байна.
Энэ мэтчилэн та гэртээ нэг улирлын турш ажил хэрэгч харагдуулах хувцсаа бусад эд зүйлсээсээ ялгаж, цэгцэлж сурвал үр дүнтэй. Жижиг шүүгээтэй болоход тийм ч том зай шаардлагагүй. Жижиг шүүгээтэй болсноор та худалдан авалтдаа өмнөхөөс илүү чухал ханддаг болно. Үүнийг дагаад зардал буурна. Мөн эрчүүд өөртөө зориулсан гоёл чимэглэлийн зүйлсийг хэрхэн ашиглахаа мэддэг болно гээд олон давуу талтай.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ
Эх сурвалж: gentlemansgazette.com