-Монгол Улсад 145.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн тал хувь нь буюу 73.3 мянга нь үйл ажиллагаа явуулж байна-
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос сар тутам Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулдаг. Энэ удаа өнгөрсөн гуравдугаар сарын тайлангаас зарим онцлох мэдээллийг NEWS агентлаг хүргэж байна.
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ӨР, ЗЭЭЛ НЭМЭГДЖЭЭ
Өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 94.5 тэрбум төгрөг буюу 0.8 хувь, өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар өссөн дүн юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 55.2 (5.3 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 30.1 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан гэж ҮСХ мэдээлжээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл их наяд төгрөг давжээ. Нэг их наяд 35.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл нь өмнөх сараас 34.6 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 67.6 (7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пункт, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй гарчээ.
БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН 63.8 ХУВЬ НЬ УЛААНБААТАРЫН ХАРЪЯАТ
Статистикийн бизнес регистрийн санд 2017 эхний улирлын байдлаар 145.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Тэдгээрийн тал хувь нь буюу 73.3 мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа нь хэвийн аж ахуйн нэгж, байгууллагын 46.8 мянга буюу 63.8 хувь нь Улаанбаатар хотод, 8.6 мянга нь 11.8 хувь нь төвийн бүс, 8.1 мянга буюу 11 нь хангайн бүс, 6.6 мянга нь 9.9 хувь нь баруун бүс, 3.2 мянга буюу 4.3 хувь нь зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.
Эдийн засаг хумигдахын хэрээр аж ахуйн нэгжүүд ажиллагсдынхаа тоон цөөлж, багасгадаг нь зах зээлийн жам. Энэ ч утгаараа нийт аж ахуйн нэгжийн ердөө 3.3 хувь нь тавиас дээш ажиллагсадтай. Дийлэнх олонх буюу 84.2 хувь нь 1-9 ажиллагчидтай болжээ. Долоон хувь нь 10-19 ажиллагчидтай, 5.5 хувь нь 20-49 ажиллагчидтай байна.
Улсад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь хаачив гэсэн асуулт эндээс төрж байна.
71.8 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 33 мянга 46 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй бол 34.7 (48.2 хувь) мянга нь түр зогсоосон, 1.5 (2.1 хувь) мянга нь бүрэн зогсоосон, 2.6 (3.6 хувь) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 101.6 тэрбум төгрөг болж, 101.0 (99.3%) тэрбум төгрөгийг дотоодын, 0.7 (0.7%) тэрбум төгрөгийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16.5 (14.0%) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 15.3 (13.2%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.
ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ БУУРЧЭЭ
Барилга угсралт, их засварын ажлын 60.6 хувийг орон сууцны барилга, 26.3 хувийг орон сууцны бус барилга, 11.3 хувийг инженерийн барилга, байгууламж, 1.8 хувийг их засварын ажил эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс орон сууцны бус барилгын ажлын эзлэх хувь 10.1 пункт, их засварын ажлынх 0.5 пунктээр нэмэгдэж, харин орон сууцны барилгынх 9.6 пункт, инженерийн барилга, байгууламжийнх 0.9 пунктээр буурсан байна.
Бүх төрлийн тээврээр 2017 оны эхний улиралд 10.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 45.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 3.0 (42.7 хувь) cая тонноор өсөж, зорчигчид 8.6 (16 хувь) сая хүнээр буурчээ.
Авто тээврээр 2017 оны эхний улиралд 5.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 44.3 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.5 (96.8 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 8.6 (16.3 хувь) сая хүнээр буурчээ. Авто тээврийн салбарын орлого 102.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.5 (20.7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Харин төмөр замын тээврээр 4.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 635.1 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 479.3 (10.9 хувь) мянган тонноор өсч, зорчигчид 2.1 (0.3 хувь) мянгаар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 105.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17 (19.3 хувь ) тэрбум төгрөгөөр өсчээ.
Агаарын тээврээр 630.7 тонн ачаа, давхардсан тоогоор 152.2 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 5.1 тонноор буурч, зорчигчид 24.5 мянган хүнээр өсчээ.
Д.ЦЭЭНЭ