Улс төрийн мөрөөдлийг өмчлөх эрх

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Улс төрийн мөрөөдлийг өмчлөх эрх

Улстөрчдийн нүүдэл үргэлжилж байна. Наадмын дэвжээнд, найрын ширээний ард…Тэгш ойтой аймгийн наадмыг УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид бөөн бөөнөөрөө зорьж, бэл бэнчингээ яг л өглөгч хүн өөртөө хоосон гэгчийн үлгэрээр зарж буй сурагтай. Үүнийх нь балгаар ихдээ сая төгрөгөөр байлдаг байсан аймгийн түрүү бөхийн шагнал багадаа 13 сая, ихдээ 16 сая төгрөгт хүрэв. Хурдан хүлгийн тухайд бас л адилхан. Түрүүлсэн морь бүрийн эзэд Ланд Круйзер-200-тай болж, морины саравчнаас өөр газарт амьдрал байхгүй хэмээн итгэхэд хүрэв бололтой. Энэ бол нэг талаасаа монголчуудын цөөн хэсэг, тэр дундаа УИХ-ыг мөрөөдөгчдийн олонх нь тасарчихсан баян болсны нотолгоо. Нөгөө талдаа УИХ бол зүгээр л мөнгөөр зодож гардаг, сонгогчид гэдэг ердөө л бэлэгний сургаар санал дугуйлдаг дуулгавартай боол хэмээн итгэчихсэн дээрх хүмүүсийн доромжлолын илэрхийлэл. Иймийн учир “Монголын улс төрийн шинэ дүр төрх”-ийг тодорхойлох цаг ирэв бололтой. Гэхдээ үүний төлөө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон шиг “Монгол эмэгтэйчүүдийн нүүрний зөв төрх” гэх мэт сэдвээр докторын зэрэг хамгаалах огтхон ч хэрэггүй биз. Нэг ёсны улстөрч эрчүүдийн нүдийг, нүүрийг харьцуулж “Та л монгол эр хүний сонгодог загвар мөн байна” хэмээн өргөмжлөх хэрэггүй гэсэн үг. Гагцхүү монголчуудын шинээр хүлээж авах улстөрч, улс төрийн нам нь ямархуу хэм хэмжүүрт барьцаалагдаж буйг өгүүлэх гэсэн хэрэг.

Ингэхдээ МАХН-ын на­­рийн бичгийн дарга асан, филисофич С.Молор-Эр­дэнэ болон “Мон-Уран”-ы Б.Наранхүү нарыг жишиж үзье. Маргааш УИХ-ын сонгууль боллоо гэхэд энэ хоёр хүний хэнд нь монголчууд итгэл найдвар өгөх вэ. Уншигч та энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Саналын тоог нэгтгээд үзэхэд ялалт бараг л Б.Наранхүүгийн талд эргэх нь тодорхой. Учир нь, Б.Наранхүү бол Дундговь аймагтаа өглөгийн эзэн шиг үнэлэгддэг нэгэн. Энэ үнэлгээгээ ч авч үлдэхийн тулд тэрбээр Дундговь аймгийн 80 жилийг Ланд Круйзерийн бэлгээр “гоёсон”. Харин С.Молор-Эрдэнийн хувьд сонгогчидтой хамт хэзээ ч наадмын дэнжийг хотолзуулж, машин бэлэглэх нь бүү хэл сая төгрөг ч зарлагадахгүй нэгэн.

Шалтгаан нь С.Молор-Эрдэнэ, Б.Наранхүү хоёрын мэддэг улс төрийн тухай бодолд тэнгэр газар шиг зөрүү оршиж буй. Харин С.Молор-Эрдэнэ шинэ улс төрийн тухай өөрийнхөө чадах чинээгээр ярина. Тэгээд өөрийнхөө филисофийг дэлгэрүүлэхийг хүснэ. Бас Монголын боловсролтой, барууны школтой, цэвэр герман соёлын бүтээгдэхүүн гэдгээрээ тэрбээр илүүрхэнэ. Харамсалтай нь, түүнийг ойлгох хүн тун цөөхөн. Тэгээд ч өмнө нь Ж.Батзандан, М.Ичинноров, Г.Арслан тэргүүтэй гадаадад төгсөгчид “Би Монголын улс төрийг цэвэрлэнэ” гэж уриалчихаад чадаагүй учраас С.Молор-Эрдэнэ тэднээс ялгарч харагдахгүй нь тодорхой. Үүнд хэрэг С.Молор-Эрдэнэ ч, сонгогчид ч буруугүй. Гагцхүү түрүүлж дуугарсан дээрх нөхөд амласандаа хүрээгүйн бурууг л бусад нь үүрч буй юм. Харин Б.Наранхүүгийн бодит үлгэрүүд өнөөгийн УИХ-д сууж байгаа. “Намайг луйварчин гэдэг. Гэхдээ би луйварчин биш” гэж өөрийгөө өмгөөлчихөөд, ар хударгаар нь баахан мөнгө цацсан нөхөд гэсэн үг. Тэд УИХ-д сууж болоод байхад Б.Наранхүү ч юунд дутах билээ. Бодит байдал, боломж хоёр тэгэхээр хөрөнгөтэй, мөнгөтэй, тэгсэн хэрнээ хийсэн гэмээ хүлээдэггүй хүмүүсийн талд эргэдгийн увайгүй жишээ энэ. Монголын улс төрийн сонголт юугаараа ялгардаг вэ гэхээр үүгээрээ ялгардаг гэдгийг дээрх хоёр эрхмээр харьцуулан хүргэхэд ийм дүгнэлт гарав.

Эндээс үргэлжлүүлээд намын тухайд авч үзье. Сонгогчид өнөөдрийг хүртэл яагаад Ардын нам болоод Ардчилсан намаас өөр сонголт хийхгүй байна вэ. Яагаад жижиг улс төрийн намуудад үсрээд гурван хүний суудал олгохоос татгалзах болов. Хариулт нь бас л сонирхолтой. Ардын нам, Ардчилсан нам хоёрын дунд онцын ялгаа харагддаггүй. Дээр нь, энэ хоёр нам зөвхөн өөрсдөө л засгийн эрх барихыг хүсдэг учраас бусдыгаа замаас шахан гаргадаг. Түүнчлэн жижиг намууд ямагт нэг компани эсвэл нам дотроо том, гадагшаа гараад жижигддэг нэг улстөрчийг түшдэг тэрхүү мөн чанар нь хэзээ ч хоёр том намын хүчтэй өрсөлдөгч болж чадахгүйг нь илтгэж буй. Үүний нэг жишээ гэхэд “Эрэл” группын бараг л охин компани гэмээр Эх орон намын түүх. Цагтаа Монголын улс төрд намын дарга Б.Эрдэнэбат нь өөрийн гэсэн бүлэгтэй, эцсийн санал хураалтыг нааш, цааш нь эргүүлэх хүчтэй байсан. Гэвч энэ хүч нь хоёр жилийн дотор үгүй болж, улмаар өдгөө улс төрийн намынх нь түүх төгссөн гэхэд болно. Тэгэхээр нэг хүний үзэл санаа, эрх ашиг дээр тулгуурласан нам Монголд хол явахгүй гэдгийг тэрбээр өөрийн намаараа үлгэрлэж өгсөн юм. “Буян” группыг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайханы Бүгд найрамдах намын тухайд ч адилхан. Тэрбээр УИХ-д ганцаараа суусан ч бүхэл бүтэн Үйлдвэр, худалдааны яамыг намынхаа мэдэлд авч, эрх мэдэлтэй даргын алба бүрийг найз нөхдийнхөө мэдэлд шилжүүлсэн. Гэвч бас л бүтээгүй. Ганц хүний намд засаг хатуурхаж, засагт өөрөө хатуурахсаар суудлаа өгсөн. Эцэс сүүлдээ босогчдын армийн удирдагч болдог дээрээ хазаараа татсан нэгэн. Энэ хоёр жишээ нь манайхан мөнгөтэй л бол улс төр хийж, нам байгуулж болох ч бусдын итгэл үнэмшлийг худалдаж авах боломжгүйг илтгэж буй.

Харин Иргэний зориг намын тухайд арай өөр. Одоогийн нэрээр нь авч үзвэл Иргэний зориг-Ногоон нам. Гэхдээ Улсын дээд шүүхээс “Албан ёсоор нэрийг нь бүртгэх боломжгүй” гэж үзсэн учраас хэрхэн бичихэд түвэгтэй уг намын тухайд мөн л С.Оюун, Д.Энхбат гэсэн хоёрхон хөл дээр тулгуурлаж байгаа. Энэ хоёр хөл хэдий болтол эцэж цуцахгүй байрандаа зогсоно, Иргэний зориг-Ногоон нам төдий болтол улс төрд тэснэ. Харамсалтай нь, цаашид яах вэ гэдэг нь тун эргэлзээтэй. Иргэний зориг нам УИХ-ын сонгуулиар түүхэндээ бүхий л аймагт нэр дэвшигчээ өрсөлдүүлж байсан. Гэвч ихдээ хоёр, багадаа нэг суудал авдаг. Өөр илүү үр дүн байхгүй. Тэрхүү өрсөлдөгчид нь барагтай л бол тойргоо ч, мөрөөдлөө ч орхидоггүй. Гэсэн ч гарч чаддаггүй. Шинэ хүн нэр дэвшүүлье гэхээр Дорнод аймгаас бусад газарт нь ямар ч суурь байхгүй. Ийм болохоор л тэд Ногоон намыг нэгтгэх замаар хүч нэмэхийг хүссэн ч өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Зоригт нараас өөр хамсаатан олдохгүй яваа. Д.Энхбат гишүүнийг ирэх онд улс төрд босоо үлдэнэ гэж тооцвол Иргэний зориг-Ногоон намд ихдээ хоёроос илүү суудал олдохгүйг эндээс харж болно.

Ийм нөхцөлд Ц.Шинэбаяр гишүүн өөрийн үүсгэн байгуулсан “Хамуг Монгол” эвслээрээ улс төр хийгээд амжилтад хүрэх үү. Дорнод аймагт гурван ч удаа нэр дэвшиж байж, гуравдахь оролдлогоороо УИХ-д суусан тэрбээр өөрийн итгэл найдварыг шинэ улс төрөөр тодорхойлж буй. “20 жилийн дарангуйллаас хормын төдийд гаргана” гэх маягтай. Энэ урианд магадлал бий болов уу…Харамсалтай нь, сонгогчид ядаж сүүлчийн асуултыг ч өөртөө тавихгүй л сонголтоо хийхийг үгүйсгэх аргагүй. Урьд хожид үйлчилж ирсэн тэр жишгээр болвол шүү дээ. Тэгэхээр Монголын улс төрд цаашид Ардын нам, Ардчилсан нам хоёр дөрөө харшуулдгаараа харшуулж, ардчилсан нийгмийн бодит олигархиуд улс төрийг зайдагнадгаараа зайдагнах тийм гунигтай бас увайгүй дүр зураг хүчин төгөлдөр байсаар л байгаа нь энэ. Үүнд өрсөлдөгчид нь сул бас өрсөлдөх шийдэл нь анхнаасаа хүчтэй бус байгаа явдал нөлөөлж буй. Иймд Монголын улс төрөөс шинэ итгэл найдвар хайж суугаа мөрөөдөгчдөд хандаж хэлэхэд “Мөрөөдөл биелдэг. Гэхдээ хэдхэн хүн л улс төрийн мөрөөдлийг өмчлөх эрхтэй байдаг” гэж хэлэхэд буруудахгүй биз. Харамсалтай нь, би ч гэсэн мөрөөддөг. Эцсийн бүлэгтээ дээрх дүгнэлтэд хүрчихээд байгаа нэгэн. Яагаад гэхээр мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч гэсэн мөрөөдлөөрөө хохирч үлдмээргүй байгаа учраас “Монголын улс төр цэвэр, эх оронч, үнэнч шударга болох цаг ирнэ” гэх мэт өгүүлбэрт найдсан цаг гарздаж суух хэрэггүй гэж бодлоо.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж