БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг буруутай гэж үзэн ял тулгах болсноо Сөүл хотын Прокурорын газар өчигдөр /2017.04.17/ мэдэгдсэн. Ингэснээр Пак Гын Хэг шүүх процесс эхэлж байгаа юм.
Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг 13 зүйл ангиар Пакыг буруутган прокурор шалгалт явуулсан. Тэгвэл Прокурорын албанаас өчигдөр мэдэгдсэнээр Пакыг буруутгаж байгаа зүйл анги нэмэгдэн, 18 болсон байна. Тухайлбал, улсын нууц задруулсан гэсэн зүйл анги нэмэгдэж байгаа ажээ.
Прокурорын мэдээлэлд зарим тоо баримт дурдагдсан байна. “Самсунг”, “Лотте”, SK зэрэг Өмнөд Солонгосын том корпорациудаас авсан авлигын нийт хэмжээг 59 тэрбум 200 сая вон хэмээн мэдээллээ. Үүнээс хамгийн их хэмжээний буюу 36 тэрбум 800 сая воныг “Самсунг” корпорациас авсан гэж үзжээ.
Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэхээр болж буй гурав дахь ерөнхийлөгч болж байна.
А.ТУЛГА