Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Соёл Урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтдаг билээ.
Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцов. Энэ Зардал нь эцэслэн батлагдаагүй бөгөөд Засгийн газрын хуралдаанаар батлах юм.
Шадар сайд У.Хүрэлсүх “Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн төсөвтөө тааруулаад, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтэл ажлаа сайтар базаа. Шаардлагатай газруудад зохион байгуулах комисс очиж ажиллаж, бодит байдалтай талилцаарай” гэсэн юм.
бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх үүднээс бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх санал гаргаж дэмжигдэв. Ингэснээр наадмын төсөвт 6 сая төгрөг нэмж тусгах шаардлага гарах аж. Мөн түүнчлэн засуул болгонд бичил камер зүүх тухай асуудлыг ч хөндлөө. Учир бөхийн найрааны асуудал хөшигний цаана өрнөдөг учраас бөхийн барилдааныг шударга явуулах үүднээс засуулуудад бичил камер зүүлгэх санал гарав. Хэрэв энэ санаачлага батлагдвал зардал нь 7 сая төгрөг байх аж.
Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг баяр наадам зохион байгуулах хорооноос онцлов. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг байна. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сурын хавраа үзэх нөхцөл байдал үүсдэг гэдгийг тодотголоо. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулжээ. Уг асуудлыг Нийслэл газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болсон юм.
Урлаг соёлын арга хэмжээг Монгол Улсын төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ. Урлаг соёлын арга хэмжээний нийт зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус төсөөлсөн байна. Өнгөрсөн оны баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.
Үндэсний баяр наадмаас олох нийт орлогыг 393 сая төгрөгөөр төсөөлж, зардал руу оруулахаар төсөвлөсөн байна.
Т.НОМИН