Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх үед намын бүлгүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурийг бүлгийн дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулсан юм. Тэрбээр ”Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудын үзэл баримтлал, зарчмыг удирдлага болгон, УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах бодлогын арга хэмжээний хүрээнд боловсруулжээ.
Улс оронд үүссэн эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал биднийг Олон улсын валютын сантай тохиролцон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт” хамрагдахаас өөр гарцгүй, мухар гудамжны үзүүрт хүргэжээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын зүгээс “Өрийг өрөөр дарах гэж байна”, “Иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмэгдүүлж байна”, гадаадаас зээл авалгүйгээр эдийн засгаа аваад явах боломж байсаар атал “ОУВС-гийн далбаан дор 5,5 тэрбум ам.долларын өр тавьж өрийн дарамтыг нэмэгдүүлэх гэж байна” гэсэн худлаа ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, ард түмний сэтгэл санааг үймүүлж байгааг юуны өмнө эрс буруушааж байгаагаа мэдэгдэж байна.
МАН урагшаа харж, асуудлыг хэлцэн шийдэж, шинэ гарц гарган ажиллах талаар удаа дараа хэлж уриалж байхад Ардчилсан нам зохисгүй авир гаргаж, хойш харж сөрөг үйлдэл, бодлого явуулж байгаа явдал нь эрх барьж байхдаа хийсэн алдаатай бодлого ажлыг нь тэдэнд эргэн сануулах шаардлагад хүргэж байна.
Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримт аль аль нь нотолж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд хийсэн алдаатай үйлдлээ Ардчилсан намын зарим улстөрчид мартжээ. Харин Монгол төрийн ой санамж мартаагүй. Монголчууд мартаагүй байгаа.
Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй, зээлжих зэрэглэл сайжирч, олон улс дахь нэр хүнд өссөн, 3 тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй, хугацаа тулсан өр зээлгүй, төрийн өмчит компаниуд нь ашигтай ажилладаг улс орныг 2012 онд Ардчилсан намд хүлээлгэн өгсөн.
Гэтэл 2011 онд 17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 2012-2016 онд 13 дахин унасан. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор 4 дахин буурч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан. Улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрч, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуйн нэгжийн тоо маш хурдтайгаар нэмэгдэж ирлээ.
Зээлжих зэрэглэл тогтоодог гадаадын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулж, Засгийн газар, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн бонд, хувьцааны ханш үнэгүйдэж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдсан ийм л уруудан, доройтсон үзүүлэлттэйгээр Монгол Улс 2016 онтой золгосон.
Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг УИХ-ын гишүүдийн 2/3-ын босготойгоор баталдаг байсныг Ардчилсан намын эрх баригчид өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилж, хэмжээ хязгааргүй их өр тавих үүд хаалгыг нээсний уршгаар Ардчилсан намын Засгийн газар эрх барьж байсан 4 жилийн хугацаанд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг гаднаас авч, улс орны эдийн засгийг хэт өрийн дарамтад оруулсан нь маргашгүй үнэн.
Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн 4 жилд Засгийн газар, Хөгжлийн банк, Монгол банк нийтдээ 7.2 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээл авчээ. Эдгээр зээлийн 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу нөхцөлтэй зээл байсан. Энэ их хөрөнгөөр юу бүтээсэн бэ гэдгээ ард түмэнд та бүхэн тайлагнах ёстой. Хөрөнгийг үргүй зарцуулсан хүмүүст хариуцлага тооцож чадаж байна уу гэж ард түмэн асууж байна. Харамсалтай нь, өнөөдөр Ардчилсан намын бүлгийн дүгнэлтэд алдаатай бодлогоо зөвтгөж, сайн бүхнийг бид дэвшүүлэн тавьсан, хийсэн бүхнийг нь хааж боомилж байна гэсэн утгатай мэдэгдэл хийлээ.
Ардчилсан намын үед авсан зээл, бонд
| Бонд, зээлийн нэр, эх үүсвэр | Хэмжээ | Зээлийн хугацаа | Хүү |
1. | Чингис бонд | 500 сая ам.доллар | 5 жил | 4,125% |
2. | Чингис бонд | 1 тэрбум ам.доллар | 10 жил | 5,125% |
3. | Хөгжлийн банкны бонд | 580 сая ам.доллар | 5 жил | 5,75% |
4. | Самурай бонд | 291 сая ам.доллар | 10 жил | 1,62% |
5. | Хятадын Хөгжлийн банкны зээл | 162 сая ам.доллар | 8 жил | 6% |
6. | Кредит свисс банкны зээл | 185 сая ам.доллар | 6 жил | Libor+4.75%=6% |
7. | Кредит свисс банкны зээл | 115 сая ам.доллар | 3 жил | Libor+4,25%=5,5% |
8. | ХБНГУ-ын Коммерц банкны зээл | 13,1 сая евро буюу 13,9 сая ам.доллар | тодорхойгүй | тодорхойгүй |
9. | Димсам бонд | 1 тэрбум буюу 175 сая ам.доллар | 3 жил | 7,5% |
10. | БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг, юаний своп | 1 тэрбум юань буюу 2,3 тэрбум ам.доллар | 3 жил | shibor+2.5% = 5% |
11. | Кредит свисс банкны зээл | 250 сая ам.доллар 500 сая ам.доллар | 5 жил | Libor+6.75%=8%,11% |
Зээл, бондын мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахын оронд гудамж, зам талбай засах, хүүхдийн дүрэмт хувцас оёх, зайрмагны цех байгуулах, цэцэг тарих зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байдаг. Арилжааны өндөр хүүтэй зээлээр зам, талбай засдаг, цэцэг тарьдаг улс орон дэлхийд байхгүй. Үүний хажуугаар АН-ын эрх баригчид нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан авах, барихад хууль бусаар ашигласан байна.
Түүнчлэн Монгол банкнаас их хэмжээний мөнгө хэвлэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг санхүүжүүлснээр төгрөгийн ханш суларч, улмаар валютын ханшийг хүчээр барихын тулд валютын нөөцийг шавхсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасарч байхад, Төсвийн тухай хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр үр ашиггүй тараасныг зөвтгөх аргагүй.
Өнгөрсөн 4 жил бол ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй, хамгийн их өр зээл тавьсан жилүүд байлаа. Сахилга хариуцлагыг умартан дураар дургин, хуульгүй дүрэмгүй юм шиг аашилсан тухайн үеийн эрх баригч Ардчилсан намын явуулсан алдаатай, буруутай бодлогын хор уршгийг өнөөдөр ч монголчууд бид үүрсээр л байна.
Хэн алдаа гаргасныг, хэн алдааг нь засаж залруулж байгааг ард түмэн сайн ойлгож байгаа.
МАН улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, АН-ын алдаатай бодлогыг залруулж, шаварт унасан эдийн засгийн уналтыг зогсоох, тулгамдсан өрийг төлж барагдуулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасах, орлогоо нэмэгдүүлэх замаар богино хугацаанд үр дүнд хүрэх арга замыг эрэлхийлж ажиллаж байна.
УИХ, Засгийн газар энэ нөхцөл байдлыг харгалзан нэмэгдэл эх үүсвэр олж тулгамдсан өрийг дарах, цалин, тэтгэврийг тасралтгүй олгох бүхий л бололцоотой арга замыг хайж, ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр замгүй гэдэг дүгнэлтэд хүрч одоо гэрээ байгуулах асуудал яригдаж байна.
Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Хөгжлийн банкны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Төсвийн бодлогын хүрээнд, санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй 5 төсөвтэй байсныг нэгтгэн Монгол Улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, валютын ханшаа буруу тооцдог байсан дутагдлыг таслан зогсоох, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэх, шинээр нэмж хөрөнгө оруулалт улсын төсөвт суулгахгүй байх, хяналтгүй шахам явж ирсэн вексель, концессын гэрээг цэгцлэх зэрэг төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Ингэж төсвийн бодлогоо зөв болгож, эрүүлжүүлэх арга хэмжээ авсны үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ. Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжиж байна.
Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь тулаад байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг хөрвүүлж, Хуралдай бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Монгол Улсад итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Зээлжих зэрэглэл муудсаны улмаас 10 хувиас доош хүүтэй бонд гаргах боломжгүй хэмээн тооцож байсан хүнд нөхцөл байдалд 8.75 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай бонд гаргалаа. Хятадын “Чалько” компанид төлөх өрийг богино хугацаанд бүрэн барагдууллаа.
Хэдий эдийн засагт нааштай үр дүн гарж байгаа ч, үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Ингэхдээ ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчиддээ аль болох хамгийн бага дарамт бий болгох зарчмыг баримталж байгаа гэдгээ цохон тэмдэглэе.
УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэх явцдаа төсвийн үзүүлэлтүүдийг улам сайжруулах, ялангуяа төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгажээ. Төсөлд төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэхээр заажээ. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2017 онд 54 тэрбум, 2018 онд 351 тэрбум төгрөгийн зарлага буурахаар тооцжээ.
Энэ хүрээнд хэрэгжүүлэх зарим зарчмын арга хэмжээнүүдийг онцолъё. Үүнд:
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах,
Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг урт хугацаанд аажмаар нэмэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
Төрийн албан хаагчийг тоог нэмэгдүүлэхгүй, одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг 2017-2019 он дуустал хязгаарлах,
Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох,
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх
Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий зарим хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.
Улсын төсвийн орлого талд 7 нэр төрлийн татвар, шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэхээр төсөлд тусгажээ. Тэгэхдээ татвар төлөгчдийн тодорхой хүрээг хамруулахаар оруулж ирсэн нь нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг зохицуулах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдыг хамгаалах, зохисгүй хэрэглээг хязгаарлах давхар ач холбогдолтой байна. Энэхүү авч байгаа арга хэмжээний дүнд улсын төсөвт 2017 онд 203.8 тэрбум төгрөг, 2018 онд 540.1 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр төсөлд тооцжээ.
Төсөлд 1.5 сая төгрөг хүртэл орлоготой хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг нэмэхгүй, хэвээр байхаар тусгажээ. Манай улсын нийт ажил, хөдөлмөр эрхлэгчдийн 95 хувь нь 1.5 сая төгрөг хүртэл орлоготой байна. Гэтэл АН-ын мэдэгдэлд Монголын бүх ард түмнийг татвараар дарамталж цалин орлогыг л бууруулахаар боллоо гэсэн сүржин мэдэгдэл хийлээ. Энэхүү хувь хүний орлогын татварын нэмэгдэлд багш, эмч, цагдаа зэрэг төрийн бүх албан хаагч, хувийн хэвшлийн дийлэнх ажилтнууд хамрагдахгүй, нөлөөлөхгүй гэдгийг хэлье.
Өнгөрсөн парламентын үед хувь хүний хадгаламжийн хүүний орлогоос татвар авах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингэснээр иргэд хадгаламжийн хүүнээс ашиг хүртэхээс илүүтэйгээр хөрөнгийн зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн тооцож байна.
Төсөлд бага хөдөлгүүрийн багтаамжтай машины татварыг үйлдвэрлэсэн оноос нь хамаарч 3-15 хувь нэмэхээр тусгажээ. Энэ нь хүрээлэн буй орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хуучин онтой машиныг шинэчлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг гэж үзэж байна.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд 3 удаа бензин шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг бууруулжээ. Төсөлд бензин шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг 2016 оны 11 сарын төвшинтэй ижил төвшинд хүргэхээр тооцжээ. Эдийн засаг хүнд, бараа бүтээгдэхүүний борлуулалт, эргэлт муу байгаа энэ үед суурь үнэд үзүүлэх нөлөөлөл бага байна гэж тооцоолсон байна
Төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувь, 2019 онд 0.5 хувь, 2020 онд 1 хувь нэмэхээр тооцжээ. Манай улсын тэтгэврийн сангийн орлого нь тэтгэврийн зардлаа санхүүжүүлж чадахгүй болжээ. Өнөөгийн энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр цааш явбал ирээдүйд нийгмийн даатгалын системийн хямрал нүүрлэж болзошгүй болсон байна.
УИХ дахь МАН-ын бүлэг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдсан хурлаараа Төсвийн тодотголын төслийг авч хэлэлцээд дараах өөрчлөлтүүдийг хийхийг зарчмын хувьд олонхийн саналаар дэмжсэн болно.
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийг батлах үед бүлгийн гишүүдээс өгсөн зөвлөмж, бүлгийн дүгнэлтээр өгөгдсөн чиглэлийг хэрэгжүүлэх,
Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч он дамжсан ажлын хөрөнгө оруулалтыг 2017 онд шилжүүлж дуусгах,
Ипотекийн зээлийг үргэлжлүүлж, хүүгийн орлогоор эргэн төлөгдөх эх үүсвэрээр 2017 онд дахин шинээр гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх,
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг зээлийн эргэн төлөгдөх орлогоор санхүүжүүлэх нөхцөлөөр үргэлжлүүлэхийг дэмжих,
Мах сүүний аян, атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
Яам, агентлаг, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг зохих хувиар бууруулж, хэмнэсэн хөрөнгийг Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь дэмжихээр тогтсон.
Энэ удаагийн төсвийн тодотголыг манай улс эдийн засгийн хүндрэлтэй, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон амаргүй цаг үед хэлэлцэж байна.
Төсвийн тодотголыг ОУВС-ын шахалтаар хийж байгаа гэхээсээ өнөөдөр бидэнд байгаа алдаагаа засах бодлогын шинэчлэл гэж ойлгох учиртай. Энэхүү хөтөлбөрт хамрагдах шалтгаан нь өмнөх алдаануудаа засаж, төсвийн авдрынхаа онгорхой цоорхойг нөхөж тордох гэсэн чухал бодлогын арга хэмжээ болох бөгөөд нөгөө талаар Монгол Улсаа эдийн засгийн хүнд байдлаас гаргах болно гэж ойлгох ёстой.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд аль болох хамгийн бага дарамт үзүүлэх зарчмыг барьж, асуудлыг тал бүрээс нь ярилцаж, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах нь чухал байна.
Өнгөрсөн жилүүдэд гарсан бодлогын алдааг засаж чадсанаараа төсөв эрүүлжиж, төсөв, мөнгөний бодлогоор бодит эдийн засгаа дэмжих бололцоо бий болж байгаа нь энэ жилийн төсвийн тодотголын нэг онцлог болж байна.
Дээрх бодлогын томоохон өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, Монгол Улсын эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломж бүрдэнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хэчнээн мөнгө төгрөгтэй байгаа ч хөгжил дэвшил авчрахгүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаа бидэнд том сургамж өглөө. Өвчин туссан байна гэдэг онош тавигдсан бол гашуун ч гэсэн эм ууж, өвдсөн ч гэсэн тариа тарьж эдгэдэг. Яг үүн шиг магадгүй зарим нэг асуудал хүнд ч, бид хатуу чанга ч гэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах нь зүйтэй гэж үзлээ.
Хэчнээн мөнгө төгрөгтэй байгаад ч бодлогогүй явбал хөгжил дэвшил авчрахгүйг өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаа бидэнд харуулж том сургамж өглөө.“ гэлээ.
Т.ДАВААНЯМ