Хүүхдүүд өндөгнөөс хордсон байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд өндөгнөөс хордсон байж магадгүй

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд хоолноос хордож, нэг нь нас барсан хэрэг өчигдөр /2017.04.11/ гарсан. Хоолонд хордсон хүүхдүүд нэг гэр бүлийнх.

Хүүхдүүдийн бага нь зургаан настай бол том нь дунд ангийн сурагч. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д 6, 11 настай хоёр хүүг эмчилж байна. Нас барсан охин 9 настай байжээ.

ХООЛНООС ХОРДСОН ГУРВАН ХҮҮХДИЙН НЭГ НЬ НАС БАРЖЭЭ

Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг айлын дөрвөн хүүхдийн гурав нь өнгөрөгч даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйлгэж, бөөлжиж эхэлжээ.

Хүүхдүүдийг хоолноос хордсон байж магадгүй гэж үзэн, ар гэрт нь хэлж, харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүргэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нар хүүхдүүдийг халдварт өвчин туссан байж болзошгүй гэж оношилсон тул Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д үзүүлэхийг ар гэрт нь зөвлөсөн байна. Гэвч тухайн өдөр хүүхдүүдийн ээж ХӨСҮТ рүү явалгүй, гэртээ иржээ.

Хүүхдүүдийн биеийн байдал сайжраагүй учраас маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дахин Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хандсан байна.

Хүүхдүүдийн нэг нь гүйлгэж, бөөлжсөнөөс болж таталт өгч, шоконд орсон байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирсний дараа нас барсан, харамсалтай явдал болжээ. Талийгаач охины ах, дүү хоёр одоо ХӨСҮТ-д хэвтэн, эмчлүүлж байна.

Болсон явдлын талаар бодит мэдээлэл хүргэж, сэрэмжлүүлэх үүднээс өчигдөр /2017.04.12/ ХӨСҮТ-д очлоо.

“Хоёр хүү тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн, шаардлагатай эмчилгээ хийгдэж байгаа” гэдгийг тус тасгийн эрхлэгч хэлэв. Хүүхдүүдээс нянгийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэж байлаа.

БАТСҮМБЭР СУМЫН ДОТУУР БАЙРЫГ ШАЛГАЖ БАЙНА

Хордлогод орсон хүүхдүүд гэрийн хаягийг Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд оршин суудаг гэж бүртгэжээ. Гэхдээ энэ айлын дөрвөн хүүхэд Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд суралцаж, дотуур байранд нь амьдардаг аж. Тэд амралтын өдөр хотод гэртээ ирж амраад, сургуульдаа явдаг байна.

Хүүхдүүдийг дотуур байрны хоолноос хордсон байж магадгүй гэсэн таамаг байгаа ч хамт байдаг бусад хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа учраас гэрийн нөхцөлд юм уу, өөр орчинд хордлого авах хоол идсэн байх магадлалтай гэж үзэж байгаа бололтой.

Энэ бүхэн одоогоор таамаг төдий байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны гал тогоо болон бусад газраас дээж авч, шинжилгээ хийх ажлыг явуулж байна.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хордлого авсан гурван хүүхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төвийн орчмоос өндөг авч идсэн гэх яриа байгаа. Гэхдээ одоогоор сургуулийн гал тогоо болон хүүхдүүдээс авсан нянгийн шинжилгээний хариу гараагүй байгаа учраас энэ бүхнийг баттай мэдээлэл гэж үзэх нь өрөөсгөл юм. Тийм ч учраас шинжилгээний хариу гартал хүүхдүүд юунаас болж хордсон эсвэл халдвар авсан эсэхэд дүгнэлт, мэдээлэл хэлэх боломжгүйг албаныхан анхааруулав.

“НАРАНТУУЛ” ЗАХААС ӨНДӨГ АВЧ ИДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ

Хүүхдүүд юунаас болж хордсоныг нарийн хэлэх боломжгүй байгаа ч хоол, хүнснээс хордсон нь бараг тодорхой гэж болно.

Нэг гэр бүлд тохиолдоод буй энэ харамсалтай явдал баталгаагүй хүнс, хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдэж, эрүүл хүнс хэрэглэж байгаа эсэхдээ өнөөдөр хүн бүр дүгнэлт хийх болсныг харуулж байна.

Энэ бүгдэд хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагууд нэгийг бодох цаг болжээ. Томоохон худалдааны төвийн эргэн тойронд чанасан, шарсан өндөг, шорлог, ил задгай хоол, хүнс зарах нь элбэг. Ямар ч эрүүл ахуйн хяналтгүйгээр хоол биш хор зарж байгаа замбараагүй байдалд хатуу анхаармаар байна.

Нөгөө талаар эцэг, эхийн хариуцлагын асуудал мөн энд яригдаж болно. “ХӨСҮТ-д очиж үзүүл” гэсэн эмчийн үгэнд орсон бол охиныг аварч болох байсан ч юм билүү?

Маш харамсалтай энэ хагацлын дараа үнэн мөнийг ололгүйгээр охины эцэг эх болон хүүхдүүд, эмч нар, сургуулийнхныг буруутгах аргагүй ч мэргэжлийн байгууллага албан ёсны дүгнэлтээ гаргаж, хариуцлага тооцон, хүнсний аюулгүй байдлын төлөө бодитой арга хэмжээ аваасай гэж хүсч байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж