Эл ажлын хүрээнд маргааш “Керамик Арт студи”-ийн Дарь эхэд байрлах задгай талбайд сургалт эхлэх нь ээ. Уг сургалтад манай талаас керамик урлагийн мэргэжлийн 20, сонирхогчдын 20, энэ чиглэлийн оюутан, залуусын 20 гээд нийт 60 хүн хамрагдах юм байна. Сургалт энэ сарын 5,6,7, 17,18-ны өдөр үргэлжлэнэ. Эхний гурван өдөр хэрхэн керамик аргаар бүтээл хэрхэн урладгийг задгай талбайд сургалт, урлан бүтээх ажлаар танилцуулах бол сүүлийн хоёр өдөр Францын шилдэг гурван мастер гурван өөр зуухыг манай материалаар орчинд нь тааруулан хэрхэн барихыг зааж өгөх бөгөөд шинэхэн зууханд керамикаа шатаан бүтээлээ бэлэн болгох ажил явагдах нь ээ. Харин сургалт, симпозиумын дараа энэ сарын 20-нд Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Франц, Монголын керамикчдын үзэсгэлэн нээгдэх юм. Дөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн нэг онцлог нь Франц, Монголын уран бүтээлчдийн тав хоногийн турш задгай талбайд урласан шинэхэн бүтээлүүд тавигдах гэнэ.
Керамикийн урлаг буюу манайхаар ваар урлаг гэж нэрлэдэг дүрслэх урлагийн энэ төрөл нь олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан хөгжиж ирсэн бөгөөд хүн төрөлхтний соёл,иргэншлийн хөгжлийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн байдаг билээ. Монгол орны нутаг дэвсгэр дээр эрт үеэс, ахуй хэрэглээний сав суулга, сүм хийд байшин барилгын чимэглэл, бурхан тахилаа байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашиглан хийж, хөгжүүлж ирсэн түүхтэй. Иймээс энэхүү урлагийн төрлийг өнөөгийн зогсонг байдлаас гаргаж, орчин үетэй уялдуулан хөгжүүлэх нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн нэгэн чухал зорилго болоод байгаа юм. Францын дөрвөн шилдэг керамикчид хүрэлцэн ирж вааран эдлэл, керамик урлаг хийх өөр өөрсдийн арга технологийг үзүүлэн зааж сургах байгаа нь энэхүү урлаг манайд цаашид эрчтэй хөгжихөд түлхэц болно хэмээн зохион байгуулагчид онцлон хэллээ.
Энэ симпозиум нь Монгол-Франц улсын соёл урлагийн харилцааны гүүр болж цаашид улам өргөжин тэлэх юм. Сонирхуулахад, Монголын керамикчдын бүтээлүүдээр ирэх оны арванхоёрдугаар сард Франц улсын Анже хотод үзэсгэлэн гаргах юм байна.