Нийтлэлч Б.Баабар нэрээрээ олонд алдаршсан Б.Батбаяр “Өдрийн сонин”-д "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэсэн нийтлэлээ өнөөдөр бичиж хэвлүүлжээ.
Уг нийтлэлдээ “Би та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна. Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Бичсэн нийтлэлийнх нь дагуу түүнтэй утсаар холбогдлоо.
-Сайн байна уу, би “News” агентлагаас ярьж байна. Та ингэхэд бичсэн нийтлэлээрээ Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлачихав уу?
-Чи миний бичсэнийг уншаа юу?
-Уншсан?
-Тэгвэл өөр хэлэх юм надад алга.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой цөөнгүй хүн байгаа. Одоогоор Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Батбаяр нар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлаад байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ Их хурлаараа хэлэлцэж тодруулахаар яригдаж байгаа юм.
Ж.ЭРХЭС