“Феррари” багийн ерөнхийлөгч Лука ди Монтеземоло багаа улирлын хоёрдугаар хагасын шилдэг баг нь байх болно гэлээ. Үнэхээр ч “Феррари” дэвшил гаргаж сүүлийн 3-4 уралдаанд тогтмол шагналын тавцанд зогсч байгаа юм. Улирлын эхний үеийг тааруу эхлүүлсэн Маранелло хотын баг тэргүүн байрын төлөө өрсөлдөж эхэлсэн. Багийн гол нисгэгч Фернандо Алонсо Унгарын гран-прид гуравт, харин Валенсиа болон Нербургрингт хоёрт хурдалж, улмаар Британийн гран-прид түрүүлсэн. Монтеземоло “Феррари” улирлын хоёрдугаар хагаст өрсөлдөөний гол баатар нь байж, олон гараанд түрүүлнэ гэж хэлсэн байна. “Үнэхээр хүндхэн эхлэлийн дараа зөв замыг олж харж байна. Доменикали болон түүний багийнхан илүү хөдөлмөрлөж, “Феррари”-г улирлын сүүл хэсэгт гол баг болгох болно. Силверстоунд маш чухал ялалт байгуулж, цаашид байгуулах олон гарааныхаа эхлэлийг тавьсан” гэж хэлжээ. Фернандо Алонсогийн хувьд гэхэд л улирлын эхний таван уралдаанаас ганцхан л удаа гуравдугаар байр эзэлсэн бол түүнээс хойш болсон зургаан уралдаанд нэг удаа замаа дуусгалгүй гарч, бусдад нь шагналын тавцанд зогсчээ. Тэр дундаа Их Британийн гран-пригийн тэргүүн байрт шалгарсан юм. Бразили нисгэгчийн хувьд Канадын гран-пригаас хойшхи бүх уралдаанд тогтмол амжилт үзүүлэн 5-6 байрт шалгарсан. Нэг ёсондоо тэргүүлэгчдийн яг ард нь бичигдэж байгаа хэрэг юм. Тиймээс улирлын сүүлийн хагаст тэд тэргүүлэгчийн тавцанд олон удаа зогсоно гэдэгт багийн ерөнхийлөгч нь итгэлтэй байна.
Score Studio