Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч хоолонд хордож, нэг нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нас барсан талаар “NEWS” агентлаг мэдээлсэн.
Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байжээ. Тэдний гэр нь Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байдаг боловч, хүүхдүүд Батсүмбэрийн дотуур байранд амьдардаг байсан талаар эх сурвалж мэдээлэв.
Тэд энэ сарын 10-ны өдөр дотуур байрныхаа хоолыг идсэнийхээ дараа оройноос эхлээд хүүхдүүдэд бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн байна.
Ээж нь хүүхдүүдээ дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж үзүүлэхийг зөвлөжээ. Гэвч, ХӨСҮТ-д хандалгүй гэртээ байлгаснаас болоод нэг нь шоконд орж, эмнэлэгт хүргэгдсэн ч тун удалгүй нас барсан байна. Харин хоолонд хордсон хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа ажээ.
Хүүхдүүд дотуур байрны хоолноос болж хордсон эсэх, хордлогын шалтгааныг тогтоохоор Эрүүл мэндийн яам, МХЕГ-ийн ажилтнууд Батсүмбэрт ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ