Үндэсний статистикийн хороо сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг түүвэр судалгаагаар мэдээлдэг билээ. Өнөөдөр /2017.04.12/ ҮСХ-оос өнгөрсөн гуравдугаар сарын статистик дүн мэдээллийг танилцууллаа.
Гадаад худалдааны тэнцэл 523.7 сая ам.долларын ашигтай гарлаа
Монгол Улс 2017 оны эхний улиралд дэлхийн 119 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2076.1 сая америк доллар, үүнээс экспорт 1299.9 сая америк доллар, импорт 776.2 сая америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 518.1 (33.3%) сая америк доллар, үүнээс экспорт 340.9 (35.6%) сая америк доллараар, импорт 177.2 (29.6%) сая америк доллараар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний улиралд 359.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 163.8(45.5%) сая америк доллараар нэмэгдэж, 523.7 сая америк долларт хүрчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэд 34.4 мянга боллоо
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 (72.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 (27.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 (0.9%) хүнээр өсөж 34.4 мянга болсны 17.8 (51.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.2%) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.0%) мянга нь Хангайн бүсэд, 6.4 (18.7%) мянга нь Төвийн Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Ямааны 1 кг ноолуурын үнэ Дорнод аймагт 100 мянган төгрөг байна
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 3 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15.0-20.0 мянган төгрөг; Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 35.0-39.5 мянган төгрөг; адууны ширний дундаж үнэ Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага буюу 15.0-17.5 мянган төгрөг; Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 31.0-33.0 мянган төгрөг; ямааны 1 килограмм цагаан ноолуурын үнэ Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт хамгийн бага буюу 64.0-65.0 мянган төгрөг; Хөвсгөл, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймагт хамгийн их буюу 90.0-100.0 мянган төгрөг байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 3.1 хувиар өслөө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 7.8 хувь), орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 26.5 хувийнх нь үнэ өсөж, 9.7 хувийнх нь буурч, 63.8 хувийнх нь үнэ тогтвортой байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 62.4 хувь буюу 58 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өсчээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний улиралд 484.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 82.2 тэрбум төгрөгөөр буюу 20.4 хувиар өссөн байна. Зарлага 450.3 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 47.4 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 82.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 60.5 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 7.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин зарлага 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 31.5 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 9.6 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Эдийн засаг
Мөнгөний нийлүүлэлт 2017 оны гуравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 79.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өсчээ.
Мөнгөний нийлүүлэлт 2017 оны гуравдугаар сард өмнөх сараас ийн буурахад төгрөгийн хадгаламж 162.2 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 44.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч валютын харилцах 111.9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 107.2 тэрбум төгрөг, валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Г.ТҮШИГ