Япон дахин иенийн интервенци хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Япон дахин иенийн интервенци хийлээ

Японы Засгийн газар дотоодын мөнгөн тэмдэгт иендээ энэ он гарсаар гурав дахь удаагаа интервенци хийсэн тухай Японы сангийн сайд мэдэгдлээ. Сангийн сайдын мэдэгдэлд “Цунамигийн дараа хөл дээрээ босох гэж чармайж байгаа Япон улсын хувьд иенийн ханш цаашид чангарсаар байвал эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм учраас мөнгөн тэмдэгтдээ интервенци хийж байна. Засгийн газар цаашид ч ханшийн тогтвортой байдлыг маш анхаарч ажиллах болно” гэжээ. 

Харин дээрх мэдэгдлийг хийснээс хэдхэн минутын дараа Никкей бирж дээр индекс 100 нэгжээр өсч, доллартай харьцах иенийн ханш суларсан байна. Японы төв банкнаас Сангийн яамны гадаад валютын зах зээлд авч хэрэгжүүлсэн алхмыг үнийг тогтворжуулах чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами, атомын хямралын дараагаас эхлэн ам.долларын ханш эрс унасан явдал нь Японы эдийн засагт хүндээр тусчээ. АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх тохиролцооны үеэр иентей харьцах ам.долларын ханш унаж эхэлсэн юм.

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани ханшийн зөрүү, иенийн чангаралд хамгийн их нэрвэгдэж байгаа ба иенийн доллартай харьцах ханш нэг иенээр нэмэгдэх тоолонд 385 сая ам.доллар алдаж байгаа ажээ. Долдугаар сарын байдлаар “Toyota” компани мөнгөн тэмдэгтийн ханшийн өөрчлөлтийн улмаас нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж