“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Amnesty International” хэмээх хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага хэвлэл мэдээллээр дамжуулан Хятадын эрх баригчдад хандаж, Өвөр Монголын харъяат Хадааг суллахыг шаардаж буйгаа илэрхийллээ. БНХАУ-ын Элчин сайдын яаманд өгөх хүсэлтэй байгаа ч жагсаал цуглааны дараа ийм боломжгүй болсон тул ийнхүү хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэхээр шийджээ. Өмнөд Монголын хүний эрх хамгаалах ардчилсан эвсэлд идэвхтэй нэгдэж, монгол соёлыг сурталчлах, үндэсний цөөнхийн эрх ашгийг үндсэн хуульд тусгаж өгч, эрх ашгийг нь баталгаажуулахын төлөө тэмцэж явсан Өвөрмонголын үндэсний тэмцэгч Хадаа нь хилс хэргээр 1996 онд 15 жилийн ял авчээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд суллагдах байсан боловч энэ үеэрээ ор сураггүй алга болсон ба одоогоор Өвөрмонголын нэгэн нууц шоронд хоригдож байгаа нь илэрчээ. Түүнчлэн түүний эхнэр хүүхдийг ч хилс хэргээр удаа дараа хорьж, тамлан зовоож байсан тухай баримтууд ч тэдэнд байгаа аж.
Г.Даша