Фридланд: Айвенхоу Майнз илүү үнэд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Фридланд: Айвенхоу Майнз илүү үнэд хүрнэ

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг Айвенхоу Майнз компанийн нэгж хувьцаа яг одоо Торонтогийн бирж дээр 24.4 доллар байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 15.6 тэрбум долларт хүрээд буй юм.

Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ийн дарга Фридланд Австралид жил бүр зохион байгуулдаг “Diggers & Dealers” буюу “Уурхайчин ба Худалдаачин” хурал дээр өөрийн компанийн зах зээлийн нийт үнэлгээ одоогийнхоосоо хоёр дахин өсөх боломжтой тухай ярьжээ.

Энэ тухайгаа тэрбээр сүүлийн үед зэсийн томоохон төсөл хэрэгжүүлж буй компаниудад салбарын бусад компани өндөр үнэ санал болгох болсонд дулдуйдан тайлбарлажээ. Тухайлбал Замбид зэсийн Lumwana орд эзэмшдэг Equinox компанийг бүрэн худалдаж авахаар Хятадын Minmetals 6.3 тэрбум долларын санал тавиад байсан бол сар хүрэхгүй хугацааны дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Barrick Gold компани 7.65 тэрбум долларын үнэ санал болгосон нь Equinox-ын хувьцааг 5.74 -8.15 доллар болтол нь өсгөсөн юм.  Энэ нь үндсэндээ 40 хувиар илүү өндөр үнэлсэн гэсэн үг.

Фридланд Equinox-ын Lumwana ордын зэсийн хүдэр Оюутолгойнхтой бүтэц, агууламжийн хувьд зэрэгцэж чадахгүй, хамгийн чухал нь бид зэсийн хамгийн том хэрэглэгчтэй нэг хаяанд оршиж байна гэж хэлээд Ivanhoe Mines-ын үнэлгээ 40 хувиар дээшлэх нь хангалтгүй гэж үзжээ.

2006 оны сүүлээр Швейцарьт төвтэй Экстрата компани Канадын зэс, никель, кобалт, цагаан алт олборлолтын томоохон компани “Falconbridge”-ийн 28 канад долларын үнэлгээтэй байсан хувьцааг 62.50 канад доллар болгон үнэлж, тус компанийг бүхэлд нь 18 тэрбум доллараар худалдан авч байжээ.

Фридланд энэ түүхийг ярихын сацуу Lundin Mining компани Бүгд найрамдах ардчилсан Конго улсаас зэс, кобалтын Tenke ордын хувийг хоёр дахин өндөр үнээр худалдан авч байсан тухай ярьжээ.

Фридланд ийнхүү ярьж буй нь түүний хөрөнгө оруулалт татах зорилготой шинэ тактиктай нь холбоотой болов уу. Айвенхоу -д төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах ажил үлдсэн байж мэдэх юм. Үүнээс гадна тус компанийн хувьд Монголоос гадна өөр олон улс дахь төслүүддээ нэмэлт хөрөнгө босгоход Оюутолгойн “далбаа”-гаа улам өндөрт мандуулах нь ихээхэн ашигтай хэрэг юм.

“Оюутолгой төслийг Айвенхоу Майнз болон Рио Тинто компани 2012 оны сүүлээр ашиглалтад оруулахаар хамтран хэрэгжүүлж буй билээ.

Айвенхоу-гийн мэдээлснээр, төслийн эхний бүтээгдэхүүн буюу зэсийн баяжмал, алт, мөнгө зэрэг нь 2013 онд худалдаанд гарах төлөвтэй байна. Харин молибденийн бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм.

Гэхдээ энэ бол төслийн нэгдүгээр үе шат буюу Өмнөд Оюу ордоос олборлох бүтээгдэхүүнд хамаарах юм. Харин төслийн хоёрдугаар үе шат 2015 онд Хюго Даммет /Hugo Dummett / ордыг  ашиглалтад оруулснаар эхэлнэ.

“Оюутолгой” төслийн хоёр үе шат бүрэн гүйцэд хэрэгжсэнээр эхний 10 жилд дунджаар 1.2 тэрбум фунт зэс /600 мянган тонн орчим/, 650 мянган унц алт олборлох ажээ.  

Б. Төгсбилэгт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж