Үнэ ханшийг эдийн засгийн нууц гар дээшлүүлж доошлуулдаг бол хүний биеийн 72000 судас шөрмөсийг хий гэдэг нууц гар хэнд ч харагдаж, баригдаж, үзэгдэж, үнэртэлгүй “зохицуулдаг”. Хэл ч бас нууц гартай. Үүнийг нууц гар гэхээсээ нууц багш гэх нь зөв байх. Яагаад гэвэл тэр багш мэдээ орох үеэс хэлний нарийн ширийнийг нэгд нэгэнгүй сэмхэн заасан байдаг. Жишээлбэл,“Хоолны махыг нохой идчихсэн.”, “Хоолны махыг нохой идчихжээ.” гэсэн хоёр өгүүлбэрт хүн анзаарамгүй нарийн ялгаа бий. Нарийн тэр ялгааг нүүдэл мэддэггүй шатрын аварга танд тайлбарлаж өгье. Та нохой махыг идэж байхыг нүдээрээ харж, гэрч нь болсон бол “идчихсэн”, өөрөө хараагүй, өрөөлөөс сонссон бол “идчихжээ” гэж яах ийхийн зуургүй яг зөв ярьчихна. Ганц үүгээр тогтохгүй. Та хэдэн настай юу? Та наян нэгэн настай вэ? гэхээр сонин сонсогдоод байна уу? Аргагүй ээ. Хэдэн, хэн, хаана, ямар зэрэг асуух үг байвал “бэ, вэ”-г, байхгүй бол “уу, үү, юу, юү”-г хэлэхийг нууц багш багад чинь заасан.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Хэн гурван найзад “муу” дүн тавьсан бэ?” өгүүллийн хэсгээс