Ангийн самбарын дэргэдэх номын тавиурын өмнө зул эгнүүлэн асаажээ. Энэ хорвоод хэзээ ч эргэж ирэхгүйгээр одсон талийгаачдын хойдын буяны төлөө ангийнхан нь одоо зул асааж, эмгэнэж сууна.
“Тэд бусдад их тусархаг, сурлагатай сайтай, нийтэч охид байсан” гэж ангийнхан нь нүдэндээ нулимстай ярьж байна. Ийм харамсалтай явдал болсонд ангийн найзууд нь одоо ч итгэхгүй байгаагаа хэллээ. Тус анги 35 сурагчтай байсан. Гэвч одоо талийгаач охидын орон зай, суудаг суудал нь эзгүйрэн үлджээ.
Өнгөрөгч ням гаригт буюу энэ дөрөвдүгээр сарын 9-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Тuul one” орон сууцнаас хоёр охин үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид уг хэргийн талаар үнэн зөв мэдээлэл авахаар, мөн өсвөр насныханд сургамж болох үүднээс Хан-Уул дүүргийн …дугаар сургуулийг зорин очлоо.
ТАЛИЙГААЧ ОХИД САЙН НАЙЗУУД
Тус сургуулийн хоёр давхарт гарахад хаалга нь онгорхой анги нүдэнд туслаа. Ангийн хаалгаар шагайвал хичээл завсарлаж байв. Сэтгүүлчдийг гэнэт харсан тэдний харцнаас айж, түгшсэн байдал илт. Эхлээд цааргалсан ч, бусад хүүхдүүдэд энэ мэт эмгэнэлт явдал бүү тохиолдоосой гэсэндээ багш, сурагчид бидэнд яриа өгсөн юм.
Ангийн багш бүсгүй бидэнтэй ярилцахын өмнө “Та бүхэн болж өгвөл хүүхдүүдийн зургийг битгий аваарай. Энэ бүхний ард үлдэж буй ангийн найзууд, гэр бүлийнхний сэтгэл санаа маш хэцүү байгаа. Хэрэг явдлаас хойш хэвлэл мэдээллээр буруу, зөрүү мэдээлэл гарсан. Би хэвлэлийн мэдээг уншаад сүүлийн хэд хоног үнэхээр хүнд цохилтод орлоо. Энэ бүхнийг залруулж, хэвлэлд ярилцлага өгье гэхээр болсон хэрэг явдлын талаар ярих хэрэгтэй болдог. Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хориглосон” тухай хэлэв. Тэрбээр хайртай шавь нараа алдсан гашуудал нь арилаагүй, сэтгэл тавгүй байгаа нь илэрхий харагдаж байсан юм.
Тэд их сайн найзууд байжээ. Хар багаасаа нөхөрлөж, 10 орчим жил найзалсан. Хөдөлмөрийн хичээлд их сонирхолтой. Урлагийн үзлэг, сагсны тэмцээн гээд сургуулийн бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхтэй сурагчид байсан гэдгийг ангийн андууд нь дурсаж байна. Гэтэл талийгаач хоёр охиныг хичээлээ тасалдаг, хүмүүжил муутай хүүхдүүд байсан юм шиг хэвлэлээр бичсэнийг ангийнхан нь няцааж байлаа. “Тэр бүх мэдээлэл худлаа. Нэгнийх нь ар гэрээс хоёр хоногийн чөлөө авсан байсан юм. Тэд хичээлээ тасалдаггүй, маш сайн сурлагатай, тэргүүний сурагчид байсан. Нэг нь бүр ангийн дарга байсан” гэлээ.
Харин багш “Яагаад амиа хорлоход хүрсэн бэ гэдгийг хууль хяналтынхан тогтооно биз дээ. Ямар ч байсан ар гэрийнх нь асуудлаас болсон зүйл байхгүй. Ангийнхан нь энэ талаар интернетээс янз бүрийн мэдээлэл авч байна. Хүүхдүүд маань нүд нь бүлтгэнээд л “Багшаа яагаад ийм зүйл болсон юм бэ” гэж надаас асуугаад байгаа. Тиймээс хэвлэл мэдээллээр битгий саар мэдээллийг олон нийтэд цацаач ээ гэж гуймаар байна” хэмээн учирлав.
ТЭД “ТUUL ONE”ХОТХОНД АМЬДАРДАГГҮЙ
Ангийн найзуудаас нь зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Найзуудаа амиа алдсан гэх харамсалтай явдлын талаар хэзээ мэдсэн бэ?
–Хэрэг гардаг орой л бидний ихэнх нь мэдсэн. Ангийнхан маань интернетээс мэдээлэл авсан байна лээ. Тэгээд их цочирдож, ангийн багшдаа хэлж, нэг нэгэндээ дамжуулсан. Гэхдээ итгээгүй. Маргааш нь ангидаа ирээд л сонссон зүйл маань үнэн гэдгийг мэдсэн.
-Мэдээж, энэ мэдээ та бүхэнд том цохилт болсон байх. Тэд ингэхэд ямар охид байсан бэ?
-Нэг ангид олон жил сурсан учраас ангийнханд маань их хэцүү байна. Манай ангийнхан нийтэч хүүхдүүд болохоор бие биедээ их хурдан дасчихсан. Тэд маань бусдад тусархаг, хоорондоо амь нэгтэй, сурлага сайтай, хөөрхөн охид байсан.
-Тэдний гэр нь сургуулиас зайтай юу. Хэрэг гарсан орон сууцанд хэн нэгэн нь амьдардаг байсан уу?
-Хэрэг гарсан орон сууцанд тэд амьдардаггүй. Хоёулангийнх нь гэр сургуулиасаа жаахан зайтай байдаг юм. Бид ангиараа ар гэрийнхэнд нь туслахаар очих гэж байна.
-Тэр хоёр их сайн найзууд байсан гэлээ. Тэдэнтэй ойр дотно найзалдаг өөр найз бий юу?
-Талийгаач охид нэгнийгээ гэсэн сэтгэлтэй сайн найзууд байсан. Бас өөр хоёр охинтой найзалдаг байсан. Нэг нь одоо сургуульдаа сурахгүй байгаа. Нэг найз нь ангийн багштай гадуур явж байгаа.
-Талийгаач охид ямар нэгэн хорт зуршилтай байсан уу?
-Үгүй ээ. Архи, тамхи зэрэг муу зүйл ерөөсөө хэрэглэдэггүй байсан. Хөдөлмөрийн хичээлдээ дуртай байсан. Урлагийн үзлэг, сагсны тэмцээн гээд сургуулийн бүхий л арга хэмжээнд оролцдог байсан. Тэднийг амиа алдсан гэдэгт одоо ч итгэж чадахгүй байна.
Ангийнхан нь ийн ярьж байна. Хүүхдүүдийн тодорхойлсноор талийгаач охид авьяаслаг, сурлага сайтай хүүхдүүд байжээ. Хоорондоо их дотно, бие биенээ байнга л санаа тавьдаг байсан гэнэ.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлолт ихэсч, Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байна. Нийгмийн олон асуудал амиа хорлолтын шалтгаан болж буй бөгөөд сошиалын гадуурхал, гэр бүл салалт, хайр дурлал, дарамт шахалт гээд олон зүйлээс болж өсвөр насныхан амиа хорлоход хүрдэг талаар сэтгэлзүйчид хэлж байна. Шилжилтийн насан дээрээ хүүхдүүд эмзэг, аливаа асуудлыг гүн, гүнзгий тусгаж авах нь бий гэнэ.
Сэтгэлзүйчдийн тайлбарласнаар амиа хорлох шийдвэр нэг агшинд гардаггүй аж. Тиймээс хүүхэдтэйгээ ойр дотно илэн далангүй байхыг ангийн багш нар, эцэг эхчүүдэд зөвлөж байгаа юм. Мөн тэдний сэтгэл санаа ямар байгаад анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Бидний хүүхдүүдэд мөнгөнөөс илүү хайр үгүйлэгдсээр байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ?
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ