Дундговь аймгийн барилгачдын холбоо болон Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газраас хамтран “Дундговь аймгийн барилгачдын зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Тус зөвлөгөөнөөр Дундговь аймгийн барилгын салбарын хөгжлийг цаашид тодорхойлох, төр болон барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах юм. Гурван өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд барилгын салбарын 60 гаруй мэргэжилтэн, алба хаагчид оролцож байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ: “Бид орон нутгийн барилгын салбарын хувийн хэвшлийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтныг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь чухал. Ирэх 4 жилийн хөтөлбөрт барилга хот байгуулалт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд дийлэнх хувийг эзэлж байгаа ч төсвийн хүндрэлээс шалтгаалан хөрөнгө оруулалт багасаж байна. Хэдий ийм байгаа боловч улс, орон нутгийн төсөв, гадаад зээл тусламжаар өмнөх жилүүдэд эхлүүлсэн дутуу барилгын ажлыг дуусгах, шинээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал: энэ онд аймгийн төвд 35 мВт хүчин чадалтай дулааны станц, цэвэрлэх байгууламжийн ажил, гэр хорооллын гудамжуудыг цэгцлэх, цэвэр бохир усны төвлөрсөн шугаманд холбох, 36 айлын эко хорооллын барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Та бүхэн тус салбарт тулгамдаж буй бэрхшээл, алдаа оноог дүгнэн ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм. Зөвлөгөөнд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү “Барилгын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого чиглэл”, ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Д.Нэргүй “Орон нутгийн БУТЗ-тэй ААН, тэдгээрийн тендерт оролцсон байдал, ГХБХБГ-аас 2016 онд барилга, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир “2017 оны улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ”, БХТ-ийн барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, ГХБХБГ-ын мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр “Барилга угсралтын үйл ажиллагаанд мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал”, ОНӨГ-ын дарга С.Ууганбаяр “Тендерийн бичиг баримтад гардаг нийтлэг алдаа дутагдал, арилгах арга зам”, Дундговь аймгийн барилгын холбооны тэргүүн Т.Мөнхбаяр “2016 онд аймгийн Барилгачдын холбооноос хэрэгжүүлсэн ажлын тайлан” гэсэн сэдвээр тус тус хэлэлцлээ. Мөн зөвлөгөөний төгсгөлд Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Т.Мөнхбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN