Афганистанд АНУ “супер бөмбөг” ашиглалаа

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

Афганистанд АНУ “супер бөмбөг” ашиглалаа

Афганистаны нутаг дахь Исламын улс бүлэглэлийн байршилд АНУ өчигдөр /2017.04.13/ цохилт өгсөн байна. Ингэхдээ АНУ-ын цэргийн зэвсэглэлд байдаг хамгийн супер бөмбөгийг ашигласан тухай Пентагон мэдээлснийг дэлхийн хэвлэлүүд дамжуулж байна.

GBU-43 нэртэй энэ бөмбөг нь есөн метрийн урттай, 10 тонн жинтэй, гэхдээ цөмийн бөмбөг биш юм. “Эх бөмбөг” хэмээн нэрлэдэг энэ бөмбөгийг АНУ 2003 анх туршсанаас хойш довтолгоонд ашиглаагүй байсан юм.

Афганистан, Пакистаны хилийн ойролцоох Нангахар мужийн Ачин хавьд байгаа Исламын улс бүлэглэлийн нууц хонгилыг  устгах зорилгоор агаараас бөмбөг  хаяжээ.

“Жихадистууд том хэмжээний хохирол амссан. Бидний хэрэглэсэн бөмбөг жихадистуудын хүчийг сулруулахад хамгийн тохирсон зэвсэг” хэмээн Афганистан дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Жон Николсон мэдэгдсэн байна.

BBC агентлагийн цэрэг зэвсгийн тоймч Жонатан Маркус GBU-43-г “Эх бөмбөг гэдэг нэр нь хүн бүхэнд ойлгомжтой байх гэж бодож байна. Энэ бол АНУ-ын цэргийн зэвсэглэлд байгаа цөмийн биш хамгийн хүчин чадалтай зэвсэг юм” хэмээн ярьжээ.

Энэ аварга бөмбөгийг GPS-ийн алсын удирдлагаар удирддаг бөгөөд МС-130 онгоцоор тээвэрлэжээ. МС-130 нь тусгайгийнхны хэрэглэдэг Hercules онгоцтой ижил хүчин чадал, үзүүлэлттэй юм. Бөмбөгийг онгоцонд тусгай хоргонд байрлуулдаг бөгөөд хоргоноос шүхрээр гаргадаг ажээ.

GBU-43-гийн ойролцоо, гэхдээ хүчин чадал багатай бөмбөгийг америкчууд Вьетнамын дайны үед хэрэглэж байсан юм. Гэхдээ тэр үеийн бөмбөгтэй харьцуулахад GBU-43 нь хамаагүй өргөн газар нутгийг хамран сүйтгэх чадвартай.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж