МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр /2017.04.13/ УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна.
МҮХАҮТ, бизнес эрхлэгчид хэд хоногийн өмнө спикерт хаяглан, мэдэгдэл хүргүүлсэн юм. Тэрхүү мэдэгдэлд долоон төрлийн татвар нэмэхийг эсэргүүцэж, аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөхгүй байхыг уриалж байсан. Уриалаад зогсохгүй тайван жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн уулзалтаас МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав тайван жагсаалаа цуцлах шийдвэр гаргасан байна.
Тэрбээр энэ тухайгаа “Бид найман төрлийн шаардлага хүргүүлсний тав нь төрийн менежменттэй холбоотой асуудалд чиглэгдэж байсан. УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэрээ хийсний дараа төрийн өмчит компаниудад аудит оруулъя. Эндээс гарч ирсэн дүр зургаар шинээр загвар болгох тухай ярилцъя гэсэн. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1 гэхэд аудитын дүн гарч төрийн өмчит компаниудын менежмент тодорхой болох ёстой. Татварыг хуулиудыг багцаар нь өөрчлөх асуудал яригдах байх. Бид үүнийг харж байгаад болохгүй бол шаардлагаа дахин тавина” гэлээ.
Т.МӨНХ