ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэх төсвийн тодотголыг УИХ өчигдөр шөнө дөлөөр баталсан. Энэхүү тодотголыг эсэргүүцэж, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хандаж, “Татвар төлөхгүй” хэмээн чанга дуугаар мэдэгдэж байсан билээ. Мөн УИХ-д мэдэгдэл хүргүүлж, татвар нэмэхийн эсрэг Төрийн ордонд эсэргүүцлийн акц зохион байгуулахаа хэлж байсан юм. Тэгвэл түүний хэлсэн хийсэн хоёр 100 хувь зөрсөнд баялаг бүтээгчид шүүмжлэлтэй хандаж байна.
Тодруулбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзахдаа татвар бууруулах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй гэдгийг УИХ-аар тэр чигтээ батлагдсан төсвийн тодотголоос харж болохоор. Харин баялаг бүтээгчдийн нэрийг барьж улстөржсөн тэдний гол зорилго нь юу байсан бэ гэсэн хардлага ч бас байна. Үнэхээр л УИХ-тай МҮХАҮТ-ын удирдлагууд ойлголцсон юм бол ядаж нэг төрлийн татварын нэмэгдлийг болиулж чадсангүй нь гайхалтай.
Ямар ч байсан уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” гэсэн байр суурь илэрхийлснийг сонссон баялаг бүтээгч зарим хүмүүс “Барьцгүй Б.Лхагважав” гэж шүүмжилж сууна.
Татвар нэмбэл “Татвар төлөхгүй” хэмээн баялаг бүтээгчдийг уруу татаад байсан Б.Лхагважавын үг, үйлдлийг харахад ёстой л “Дуутай тэнгэр хургүй” гэгч л болов уу.
А.ШАРХҮҮ