Өмнө нь уурхай нүүрсээ хатаахын тулд тээвэрлэсэн нүүрсийг эксковатороор сэлгэж шиддэг. Харин ингэж нүүрсийг хатаах нь нүүрсний тоосонцор дэгдээж, байгаль орчинд хөнөөлтэйгөөс гадна, нүүрс салхиар тарах зэрэг сөрөг талтай аж. Тиймээс уурхай дэлхийн хамгийн сүүлийн үеийн нүүрс хатаах технологийг сонгож нэвтрүүлж байгаа гэнэ. Одоогийн байдлаар тус уурхайгаас олборлож буй нүүрс 3000 ккал илчлэгтэй бол цоо шинэ технологиор хатаалт хийсний дараа 3400 ккал болох аж. Ингэснээр Багануурын уурхайн нүүрстэй ижил чанартай болох юм байна. Түүнчлэн “Шивээ овоо”-гийн уурхайн нүүрсний борлуулалт ч сайжирна гэж холбогдох албаныхан үзжээ.
“Шивээ овоо”-гийн нүүрс коксжих чанар харьцангуй багатай. Тиймээс зөвхөн дотоодын зах зээлд эрчим хүч гаргах авах зориулалтаар л зах зээлд гаргадаг байна. Харин уурхайн нүүрс бусад уурхайнхтай харьцуулахад хий гаргах чадвар өндөр аж. Тиймээс цаашид олборлосон нүүрсэндээ боловсруулалт хийж хагас кокс гаргаж авахаар төлөвлөжээ. Мөн шингэрүүлсэн хий, дизелийн түлш, нефтийн бүтээгдэхүүн гаргах ч боломжийн талаар судалж байгаа гэнэ.
“Шивээ овоо”-гийн уурхай олборлолтоо эхлүүлээд 20 жил болжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 17 сая тонн нүүрс олборлож, 50 орчим сая шоо метр хөрс хуулжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 28.3 хувийг тус уурхай нийлүүлсэн байна. IV цахилгаан станцын нүүрсний 49 хувийг нийлүүлж байна. Одоогоор 500 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.