-Барилгын компаниуд аюул ослоос сэргийлэх үүднээс хаалт хашлага хийж, тор татдаг боловч чанар муутайг сонгох нь түгээмэл-
Урин дулаан цаг ирж, барилга байгууламж барих, засварлах, шинэчлэх ажил албан ёсоор эхэлж байна. Тиймээс энэ жилийн барилгын ажлын эхлэл болоод шинээр батлагдсан Барилгын тухай хуулийн талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Хүмүүс өвөл зунгүй барилга барьдаг цаг ирсэн гэж эндүүрдэг. Барилгыг хэдэн сараас хэдэн сар хүртэл барьж босгох ёстой вэ. Энэ жилийн хувьд барилгын ажлаа эхлүүлэхээр зөвшөөрөл авч буй компани хэр олон байна вэ?
-Барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хийж гүйцэтгэх боломжтой. Асфальт, зуурмагийн үйлдвэрийн ажил эхлэхтэй зэрэгцэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд барилгын материал үйлдвэрлэл, угсралт, засвар хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо 830-840 орчимд хэлбэлздэг гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд барилгын ажил өмнөх жилүүдээс харьцангуй бага хувьтай эхэлж байна. Үүнийг эдийн засгийн хямралтай шууд холбоотой гэж харж байгаа.
Бид барилгын компаниудын бичиг баримтын бүрдэл шалгаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог. Энэ жилийн хувьд зөвшөөрөл авч буй компанийн тоо урьд өмнөхөөс илт буурсан.
-Барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн аюулгүй ажиллагааны асуудал хөндөгддөг. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?
– Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг дэлхийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн өдөр байдаг. Тэрхүү өдрийг угтан барилгын улиралд юуг анхаарч ажиллах вэ гэсэн хэлэлцүүлэг сургалтыг зохион байгуулсан. Аюулгүй байдал, шаардлага хангасан бат бэх барилга байгууламж барих, осол аваараас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн хэлэлцсэн. Барилгын компаниуд аюул ослоос сэргийлэх үүднээс хаалт хашлага хийж, тор татдаг боловч чанар муутайг сонгох нь түгээмэл. Үүнээс болж осол аваар гардаг. Чанар муутай материалаар нэр төдий хамгаалалт хийж болохгүй гэдгийг онцгойлон санууллаа.
-Барилгын тухай хууль мөрдөж эхлээд чамгүй хугацаа өнгөрсөн байна. Шинэчлэн баталсан хуулиар барилгын салбарт ямар ололт авчирсан бэ?
-Барилгын тухай хууль 2016 оны хоёрдугаар сарын 5-наас хэрэгжиж байгаа. Есөн бүлэг, 50 зүйлтэйгээр батлагдсан шинэ хуульд барилгын салбарын үйл ажиллагааг нарийвчлан задалж өгсөн. Хэн ямар чиг үүрэгтэй ажиллахыг нэгбүрчлэн зааж өгснөөр дагаж мөрдөхөд хялбар болсон гэсэн үг. Засвар буулгалтын ажилд зөвшөөрөл шаарддаггүй байсан бол шинэ хуулиар зөвшөөрөл авч байж барилга буулгадаг болсон.
Мөн барилга байгууламжуудыг ангилсан. Барилгуудыг үндсэн таван ангилалд хуваадаг болсон. Зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хувийн сууцыг багтаасан. Өмчилж авсан хашаандаа барилга барихад зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг. Бусад барилгыг бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй гэж ангилсан. Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилгуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгож, ашиглалтад оруулах юм. Онцгой төвөгшилтэй барилгын тухайд яамны эрх мэдлийн хүрээнд зөвшөөрөл нь шийдэгдэх юм.
-Төвөгшил гэдэг нь яг ямар үзүүлэлтээр илэрхийлэгдэх вэ?
-Хууль дагасан журам хараахан батлагдаж гараагүй учраас яг таг тодорхойлолт хэлэх боломжгүй. Хуучин бол 16 давхраас өндөр барилгын зөвшөөрлийг яам олгож, түүнээс намхан бол нийслэлээс зөвшөөрөл өгч байсан. Харин одоо төвөгшлөөр нь тодорхойлж зөвшөөрөл олгохоор хуулинд заасан.
-Зарим компани барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгаа барьж эхлэх нь бий. Ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Шинэ хуулиар барилгын зөвшөөрөл авалгүй ажлаа эхэлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг өндөржүүлсэн. Иргэн аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Хууль зөрчсөн үйлдэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ногдуулж, хууль бусар олсон орлогыг хураана гэж заасан байгаа.
Одоогоос хэдэн жилийн өмнө бол барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхэлчихдэг тохиолдол маш түгээмэл байсан. Жилд 280-290 барилгад ийм зөрчил илэрч байсан. Одоо харьцангуй багасч байгаа. Хорь орчим барилгад зөвшөөрөл арилгах үүрэг даалгавар өгөөд байна.
-Барилга байгууламжийг гэрчилгээтэй болгох талаар хуульчилсан. Энэ ажил хэдийнээс эхлэх вэ?
-Дэлхийн улс орнууд барилга байгууламжаа паспортжуулж, аюулгүйн матрицтай байдаг. Энэ жишгийн дагуу манай улс ч барилгуудыг гэрчилгээтэй болгож, улаан, шар, ногоон карт олгодог болохоор хуульд заасан. Барилгын комиссын актыг үндэслээд гэрчилгээ олгох юм. Ингэснээр барилгын чанар тодорхой болно.
-Гэрчилгээ өөр өөр өнгөтэй байгаа нь ямар учиртай вэ?
-Шинээр барьж байгуулан, ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид ногоон өнгийн, засвар шинэчлэлт хийж ашиглалтын шаардлага хангах боломжтой нь паспортжуулалтаар тогтоогдож ашиглагдаж байгаа барилгад шар өнгийн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад улаан өнгийн гэрчилгээ олгоно гэж заасан байгаа. Улаан өнгийн гэрчилгээг дахин төлөвлөлтөд орох, буулгах шаардлагатай барилгуудад өгөх байх. Нийслэлийн хувьд Төмөр зам, Нэхмэлийн шар, Хан-Уул орчмын барилгуудыг буулгаж, дахин төлөвлөлтийн барилгыг барьж байгаа.
-Шинэ баригдсан барилгуудад ч мөн гэрчилгээ олгох уу?
-Шинээр ашиглалтад орсон барилгад шууд гэрчилгээ олгохгүй. Барилгын тухай хуульд зааснаар барилгын зөвшөөрүүлэх хугацаа нэг жил, явцыг нь гүйцэтгэгч хариуцах хугацааг нэг жил гэж заасан байдаг. Тэгэхээр дөрвөн жилийн дараагаас гэрчилгээжүүлэх боломжтой юм. Шинэ барилгад шууд гэрчилгээ олгосон тохиолдолд ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг улс хариуцах болно. Тиймээс л ашиглалтыг нь гүйцэтгэгч хариуцах дөрвөн жилийг хуулинд суулгаж өгсөн.