“Оффшорын хууль” батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

“Оффшорын хууль” батлагдлаа

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй зарим саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталлаа. 

Хуралдаанд 58 гишүүн оролцож, 74.1 хувийн саналаар уг хуулийг батлав.


Хуулийн төслийг хэлэлцэх үеэр дараах гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР:

-Энэ хууль нилээн маргаан дагуулах байх. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг оруулах, оффшорыг шалгах асуудлын хөрөнгө санхүүг яаж шийдэх гээд олон асуудал бий. Оффшороос болж олон хүн хэлмэгдэж байгаа. Эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд өдөөн турхирах үйлдлүүд гарч байгаа нь харамсалтай байна. Тийм учраас Оффшорын хууль батлагдаж байгаад талархаж байна. Хууль батлагдсаны дараа гүтгүүлсэн, доромжлуулсан хүмүүсийн нэр цагаадах байх гэж найдаж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

-Монгол Улс эдийн засгаа бодож байгаа бол ийм хууль хэрэггүй. Би Ц.Мөнх-Оргил сайдаас асуумаар байна. Энэ хууль батлагдсанаар эргийн бүс гэгдэх 42 улсыг муухай улс юм гэж ойлголоо. Ийм ойлголт нийтэд төрөх нь эдийн засгийн болоод улс төрийн харилцаанд сэв суулгах вий. Матаас их нэмэгдэнэ гэдэгтэй санал нэг байна. Тиймээс хуулийн төслийг буцаасан нь зөв. Улсын эдийн засагт ямар ч ашиггүй. Малайз, Швейцарь үэрэг олон улсад оффшор бүс бий. Тиймээс хуулийн төслөө эргэж харна биз дээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Засгийн газраас өргөн барьсан хууль арай өөр хэлбэр, агуулгатай байсан. Гэтэл зургаан сарын дараа хөл, толгой нь мэдэгдэхгүй болчихсон. Хууль батлагдсанаар харилцаанд өөрчлөлт орохгүй. Зөвхөн эргийн бүсэд хөрөнгө мөнгө хадгалахыг хорьж байгаа юм. Дотоодын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна. Учир нь энэ 42 улсаас Монгол руу хөрөнгө оруулж ирж болохгүй гэж хэлээгүй. Зөвхөн ХОМ гаргадаг төрийн албан хаагчдад дээрх 42 улсад мөнгө байршуулах хориг тавьж байгаа юм. Бусад хүмүүст хориг байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:

-Би энэ хуулийг ойлгохдоо эргийн бүсэд хадгалсан мөнгө байгаа бол түүнийг хууль бусаар олсон эсэхийг шалгах хууль гэж ойлгоод байгаа. Түүнээс хуулийн дагуу олсон мөнгөө гадаадад хөрөнгө оруулж, хадгалж болохгүй гэж хориг тавьж болохгүй. Хүнийг төрийн албан хаагч болсны төлөө шийтгэж байгаа юм уу. Өөрсдийгөө аргалах төдий хууль гаргаад, сонгуулийн дараа заваан юм болж хувирах вий дээ. Ийм хууль дэлхийд хаана ч байдаггүй юм байна лээ шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-Өмнөх парламентын үед би энэ төрлийн хууль санаачилж байсан. Гэтэл явцуу болгоод, Монгол Улсынхаа гурван сая хүн нялзаагаад хаячихсан. Энэ нь өөрөө буруу жишиг тогтоож байгаа юм. Болж өгвөл хойш нь тавиад, дахиад сайн ярилцахгүй бол УИХ өөрөө эвгүй байдалд орж болзошгүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Энэ хууль батлагдсанаар  Монголд мөнгө орж ирэх нөхцөл байдал үүсэхгүй. Сайн судалж, боловсруулж оруулж ирэхгүй бол дутуу дулимаг хууль гарах гэж байна шүү. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж