Казахстан улс кирилл үсгээс татгалзаж, латин үсэгт шилжинэ хэмээн тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдлээ.
“Бид бэлтгэл ажлыг удахгүй эхэлнэ. Кирилл үсгээс латинд үе шаттай шилжих бөгөөд Засгийн газар тодорхой төлөвлөгөө гаргана” хэмээн Назарбаев хэлжээ.
Назарбаевын үзэж байгаагаар энэ 2017 ондоо багтан шинэ латин цагаан толгойг зохиох ажээ. 2025 он гэхэд латин үсэгт бүрэн шилжсэн байхаар төлөвлөж байна.
Казахстан 1940 онд кирилл үсэгт шилжсэн бөгөөд энэ нь улс төрийн шалтгаантай байсан хэмээн Назарбаев хэлжээ. Казахууд 1929-өөс 1940 он хүртэл латин үсэг хэрэглэж байгаад 1940 оны арваннэгдүгээр сараас орос цагаан толгойд суурилсан кирилл үсэгт шилжжээ.
“Казахстаны дунд сургуулиуд өнөөдөр англи хэлээр өргөнөөр үзэж байна. Тиймээс хүүхдүүд, залуу үе латин үсэг рүү төвөггүй шилжиж чадна” хэмээн Назарбаев хэлжээ.
Казах хэлэнд суурилсан латин цагаан толгойг Турк болон бусад оронд амьдардаг казах иргэд хоорондоо өргөн ашигладаг байна. Мөн араб хэлэнд суурилсан цагаан толгойг хэрэглэдэг казахууд ч байдаг байна.
1929-1940 онд хэрэглэж байсан латин үсгийн цагаан толгойг Шинэ турк цагаан толгой гэж нэрлэж байжээ.
Латин үсэгт шилжих санаачилгыг Назарбаев анх 2007 онд гаргажээ.
А.ТУЛГА