“Зөн билгийн тулаан” тавилттай жүжиг үү?

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

“Зөн билгийн тулаан” тавилттай жүжиг үү?

-Нэвтрүүлгийн хөтлөгч байнга л зөн билэгчдэд тэр болгон итгэхгүй байхыг анхааруулдаг. Мөн телевизийн редакци нь шоуны дараах зөн билэгчдийн үйлдэлд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн байдаг-

 

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг ОХУ-ын ТНТ телевизийн эфирээр арван жилийн туршид үзэгчдийг байлдан дагуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хүчтэй шидтэн, зөнч, илбэч нар онгодоо дуудан, нас нөгчсөн хүмүүсийн булшиндаа авч орсон нууцыг тайлж, ирээдүйг зөгнөж, хамгаалалт тавьдаг. Энэ бүх хар ид шид, тарни  олон үзэгчдийг телевизийн өмнө уяж чадаж байна. Тэд телевизийн эфирээр гарч буй үйл явдалд итгэх нь олонтаа. Мэдээж үл итгэгчдийг үгүйсгэх аргагүй.

Гэтэл, 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Зөн билгийн тулаан” шоуны анхны хөтлөгч, жүжигчин Михаил Пореченков нэвтрүүлгийн үнэнч шүтэн бишрэгчдийг цочирдуулсан мэдэгдэл хийв.

Тэрбээр алдарт нэвтрүүлгийг “бодит” гэж нэрлэж болохгүй гэлээ. “Би “Зөн билгийн тулаан” төсөл дээр маш удаан ажилласан. Бүх зүйл худал! Бүхэлдээ. Юуны талаар дэлгэрэнгүй ярих ёстой гэж? Үнэнгээсээ хэлж байна” хэмээн радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.

Михаил Пореченков “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн нэгдүгээр цувралаас долдугаар цуврал хүртэл ажиллаж байсан билээ. Түүний энэхүү цочирдуулам мэдэгдлийн дараахан тус нэвтрүүлгийн хөтлөгч болон зарим нэг зөн билэгчид өөрсдийн байр суурийг илэрхийлж эхлэв.

Тухайлбал, “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн гуравдугаар цувралын ялагч, Ираны зөн билэгч Мехди Эбрагими Вафа “Dni.ru” сайтад өгсөн ярилцлагадаа телевизийн шоуны зураг авалтын талбай дээр жинхэнээсээ юу болдог талаар ярьжээ.

Тэрбээр “Би ихэнх зөн билэгч нарт эргэлздэг. Гэхдээ миний оролцсон шоу бол бодит байсан. Михаил Пореченков надаас тусламж гуйх үе байдаг л байсан. Хэрвээ тэр үнэхээр тавилттай жүжиг гэж боддог байсан бол надаас тусламж гуйхгүй л байсан байх. Гэхдээ бусад зөн билэгч нарын талаар би юу ч хэлж чадахгүй. Хүн бүр л амьдрах гэж үзэж байна шүү дээ. “Зөн билгийн тулаан”-д оролцсоныхоо дараа ч гэсэн би өөрийн чадвараа хангалттай харуулсан гэж бодож байна. Зөвхөн телевизийн эфирээр гарч “од” болох гэсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би өөрөө олон жинхэнэ зөн билэгч нартай танилцаж байсан. Бид олон жил найзалж байна. Хэрвээ бид нэвтрүүлгийн үеэр бие биенээ хуурч байсан бол нэвтрүүлгийн дараа нөхөрлөхгүй байсан шүү дээ” гэжээ.

Үүнээс гадна “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг дээр ажиллаж байсан нэрээ нууцалсан нэгэн “Peopletalk” сайтад өгсөн ярилцлагадаа ингэж ярьжээ.

Тэрбээр “Найруулагчгүйгээр, зохиомол элементгүйгээр зураг авалтын талбай дээр юу ч бүтэхгүй. Энэ чинь шоу шүү дээ. Телевизийн эфирийг ашиглан хялбар аргаар олны танил, нэр хүндтэй болох гэсэн хүмүүс маш их ирж байсан. Гэхдээ би өөрөө хэзээ ч зураг авалтын талбай дээр зөн билэгч нартай тулж ажиллаж байгаагүй. Нэвтрүүлгийн үндсэн хэсэг нь зөн билэгчид бусдыг гайхашруулсан тэрхүү бичлэгээс бүрдсэн. Энэ бол манай хамт олны маш том хөдөлмөр. Зураг авалт хийх гэж хэчнээн редактор хэдэн цагаар ажилласныг төсөөлөөд үз. Иймээс Михаилын ярьж байгаа шиг зөвхөн нэг өнцгөөс харах нь дэндүү өрөөсгөл хэрэг” гэжээ.

Мөн тус шоуны ээлжит цувралын ялагч Влад Кадони хөтлөгч Михаил Пореченковд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Михаил Пореченков маш их ядарснаасаа болоод энэ нэвтрүүлгийг орхисон гэж би боддог байсан. Гэтэл тэр биднийг үнэн хэрэгтээ жүжигчид гэж боддог байсан байна шүү дээ.  Магадгүй зөн билэгчид Михаилаас илүү мэргэжлийн түвшинд жүжиглэх нь түүнд таалагдахгүй байгаа байх. Михаил нэвтрүүлгээ санаж байгаа. Иймээс анхаарлыг өөртөө татаж байна. Түүний популист мэдэгдэл бүгд худлаа” гэв.

Влад Кадонитой “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн одоогийн хөтлөгч Марат Башаров санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Михаил яагаад ийм зүйл ярьсныг мэдэхгүй юм. Та нар тэр хүмүүсийн нулимс, баяр баясгалан, зовлон гуниг нь тавилттай гэж бодож байгаа бол энэ нэвтрүүлэгт маш сайн жүжигчин оролцож байгаа л гэсэн үг. Би 42 наслахдаа чин сэтгэлийн баяр баясгалан, харуусал эсвэл зовлонг ялгаж сурсан. Гэхдээ бид “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг “жинхэнэ, бодит” гэж хэнд ч батлах гэж хичээхгүй” хэмээн Марат хэлэв.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байсан зөн билэгч Вера Шемонаева нэвтрүүлгийн одод хүмүүсээс маш их хэмжээний мөнгө шаардаж, үзлэг хийдэг тухай ярьжээ. Тэрбээр “Зөн билэгч нарт итгэсэн олон хүн тэднийг зорин ирж, бүх эд хөрөнгө өгөхөд бэлэн байдаг. Гэхдээ зөн билэгч нарын заримынх нь ур чадвар зөвхөн телевизийн эфир дотор л байдаг.  Нэвтрүүлэгтэй төстэй олон төслүүд хэрэгжиж байна. Зөн билэгчид олширч байна. Гэхдээ телевизийн эфирээр гарч байгаа бүх зүйлд итгэхэд бэрх. Нэвтрүүлгийн хөтлөгч байнга л зөн билэгчдэд тэр болгон итгэхгүй байхыг анхааруулдаг. Мөн телевизийн редакци нь шоуны дараах зөн билэгчдийн үйлдэлд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Гэхдээ тэд шигшээд шалгарсан зөн билэгчдийг бурхан мэт зарладаг шүү дээ. Ихэнх хүмүүсийн хувьд ид шид гэдэг бол хэрэгцээгээ хангах хурдан арга шүү дээ.  Хүмүүс өөртөө болон өөрийн хүчиндээ итгэхээ байж, тэдний асуудлыг хэн нэгэн өмнөөс нь шийдээсэй гэж хүсэх болж. Үүний төлөө хүмүүс бүх эд хөрөнгөө өгөхөд бэлэн байна. Нэвтрүүлэг бол тавиллтай жүжиг гэдэг нь тодорхой. Гэхдээ жинхэнэ тулаан ч бас байдаг. Тэр нь тийм ч олон биш” хэмээв.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг ОХУ-ын ТНТ телевиз 2007 оноос хойш цацаж байна. Тус шоу нь Их Британийн "Britain’s Psychic Challenge» нэвтрүүлгийн форматаар хийгддэг бөгөөд дэлхийн арав гаруй улс оронд нэвтрүүлж байна.

Бэлтгэсэн: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж