Лавров сэтгүүлчдийг дуугүй болгов

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Лавров сэтгүүлчдийг дуугүй болгов

ОХУ-д айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны айлчлал өндөрлөлөө.

Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхсан байна.

Рекс Тиллерсоны Москвад очиж байгаа зорилго нь тус улс Сирийн Ерөнхийлөгч Башир Ассадын дэглэмийг дэмжихээ зогсоохыг ятгана хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлсэн. ОХУ-д очихын өмнө Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ нэг бол АНУ, үгүй бол Башир Ассадын аль нэгийг сонгох хэрэгтэй хэмээн хэлсэн.

Рекс Тиллерсон, Сергей Лавров нарын уулзалт таван цаг орчим үргэлжилсэн байна. Тэд Сири, Украин, Хойд Солонгосын асуудлаас гадна хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцсан хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Хэлэлцээ хийсний дараа Тиллерсон сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Тиллерсон, Лавров нар уулзалтаа эхлэхээр орж ирэхэд зааланд байсан Америкийн сэтгүүлчид Оросын сайдад хандан чангаар асуулт асууж эхэлжээ. Айлчлалын протоколын дагуу асуултыг зөвхөн хэвлэлийн бага хурлын үеэр л асуух ёстой. Сергей Лавров Америкийн сэтгүүлчдэд хандан “Хэн та нарыг ингэж хүмүүжүүлээ вэ?” хэмээн асуухад зааланд чимээгүй болсон байна.

Тиллерсонтой уулзахын өмнө Лавров хэвлэлд өгсөн товч мэдээлэлдээ АНУ-тай тэгш эрхэд суурилсан, үр бүтээлтэй харилцааг ОХУ хүсч байна хэмээн хэлжээ.

Хоёр хоногийг айлчлалаар ирсэн Тиллерсон ОХУ-ын тэргүүнтэй уулзах эсэх нь эцсээ хүртэл тодорхойгүй байсан ч Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “уулзаж магадгүй” гэсэн мессежийг өгөөд байсан юм. Албан хэлэлцээний дараа Путин хоёр сайдыг Кремльд хүлээн авч уулзсан бөгөөд чухам юу ярьсан талаар аль аль тал мэдээлэл түгээсэнгүй.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж