Монголд аялал жуулчлалын улирал дэндүү богино. Зуны гурван сар, тэр дундаа 7-8 дугаар саруудад дараалал хүлээлт үүсгэдэг ч өвлийн жавар, хаврын хавсарганаас нь гадныхан ямагт зугтдаг. Сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад байгаа ч үнэндээ гавьсан зүйлгүй. Бүргэдийн баяр, мөсний наадам зэрэгт төлөвлөсөн хөрөнгө мөнгө, шагнал урамшуулалд хаяглагдаж, орон нутгийн чанартай бэсрэг наадам төдийгөөр өнгөрч байгааг өчигдөр болсон “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган”-ы үеэр хөндсөн юм. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварт хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол дэд бүтэц, зам тээвэр байдаг ажээ. Чухам тиймээс яг энэ үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг тодорхойлоход Монгол Улс 137 орноос 102-т жагсчээ.
Дэд бүтэц, зам харилцаагүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй нь хэн бүхэнд тодорхой. Ялангуяа агаарын тээврийн хүрэлцээ тун ядмаг байгааг аялал жуулчлалын бизнес эрхлэгчид онцолж байлаа. МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбооныхон хамтдаа найман ажлын хэсэг гарган тулгамдсан асуудлыг тодорхойлсон бөгөөд зам тээвэр, дэд бүтцийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шийдвэрлэх асуудлын талаар Лэтс Трейвэл ХХК-ийн захирал С.Амгаланбат танилцуулсан юм.
Агаарын тээврийн тухайд авиакомпанийн тоо цөөн, олон улсын нислэгийн суудлын тоо хүрэлцээгүй, нислэгийн давтамж бага зэрэг нь аялал жуулчлалд асар муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа жуулчдын олноороо ирдэг 7-8 дугаар сард онгоцны захиалга олдохгүйд хүрдэг. Автозамын сүлжээ, галт тэрэгний хүрэлцээ ч таатай биш. Зочид буудлын үйлчилгээг ч хүртээмжгүй гэж гадныхан үнэлжээ.
Үндэсний тээвэрлэгч МИАТ компанийн тухайд л гэхэд гадаадын тур компаниуд эртнээс суудал захиалах, мөнгө байршуулах зэргээр давуу эрх эдэлчих нь энүүхэнд. Аялал жуулчлалын салбарт хэн дуртай нь хаалга тогшилгүй орж ирэх боломжтой байгаа нь үндэсний компаниудад өсч торхих боломж олгохгүй байгаагийн захын жишээ энэ. Монголд жилийн турш олон улсын нислэгийн 510 мянган суудал борлуулдаг бөгөөд тал хувийг МИАТ дангаар хийдэг байна. Кореан айр 20 хувь, Эйр чайна 15 хувьд нь үйлчилдэг аж. Тэдгээр суудлын чамгүй хувийг монголчууд эзэлдэг гэхээр гадны жуулчдын тоог огт нэмэгдэхгүй байгаа нь харагдаж буй юм. Олон улсын нислэгийн 54 хувь нь Азийн улс руу, 16 хувь нь Европыг чиглэсэн байдаг гэнэ. 2016 онд Монголд ирсэн жуулчдын тоо 404 мянга байгаагийн 145 мянга нь хятад, 70 мянга ОХУ-ын иргэд ажээ. Жуулчдын 251 мянга нь аяллын улирал буюу 5-9 дүгээр саруудад ирсэн байна. Хамгийн харамсалтай нь 400 гаруй мянган жуулчнаас 94 мянга нь л жуулчлах зорилгоор Монголд ирж буйгаа хил дээр мэдүүлж, 53 мянга нь л албан ёсны зөвшөөрөлтэй тур компаниар зуучлуулан орж иржээ.
Жил бүр аялал тур компаниудад тулгамддаг бэрхшээлийн нэг нь наадмын нээлт хаалтын билетийн хүрэлцээ юм. Мэдээж жуулчид өдрийн турш бөх үзээд суухгүй нь тодорхой. Ердөө л нээлт үзээд гарах хэдий ч жуулчдад билет олддоггүйн учрыг тур компанийнхан асууж байлаа. Асуултын хариуд Аялал жуулчлалын газрын дарга С.Батсүх хариулахдаа:
-Бид наадмын билетийг аль болох олон хүнд түгээхийг хичээдэг. Гэвч манай цэнгэлдэх хүрээлэн ердөө 3000 хүний багтаамжтайгаас хүссэн бүхэнд билет олгож чадахгүй байгаа. Энэ жилийн наадмын билетийн захиалгыг зургадугаар сарын 10-наас эхэлж олгоно гэсэн хариу өглөө.
Үндэсний хэв маягийг илтгэж, монголчуудыг монголоор нь илэрхийлдэг үндэсний баяр наадам шиг өргөн дэлгэр баяр эвент олон байдаг бол цэнгэлдэхийн билетийн төлөө булаалдан зүтгэх хэрэггүй байсан биз. Монголд ирж буй жуулчдын олонх нь унаган төрхөө алдаагүй байгалийг нь үзэх сонирхолтой байдаг ч түүнээс дутахгүй хүмүүс түүх соёл, нүүдэлчин ахуйг сонирхон ирдэг байх юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж амаа цангатал ярьдаг ч ажил хэрэг болгох тал дээр арагшаа ухарсаар байгаа нь энэ салбарын хувьд чөдөр тушаа болсоор байгааг хэрхэн залруулах вэ.
Д.ЦЭЭНЭ