Ахмадуудын 67,5 хувь нь ажлаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 67,5 хувь нь ажлаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэв

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараа Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-УИХ-ын дарга намайг "Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа жийп машин авах гээд хөөцөлдөөд явж байсан" гэж ярьсан байна лээ. Үнэн. 21 аймгаас ирсэн өргөдлийг шийдвэрлүүлэхийн тулд надад машин хэрэгтэй байсан юм. Гэтэл 350 сая төгрөгөөр 10 ширхэг жийп машиныг 2017, 2018 онд авсан байна. Үүнийг зараад, үнийн дүнгээр нь Хавдрын эмнэлэгт аппарат авъя гэхээр уурлаад байх юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

-Хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст тэтгэврийн насыг хойшлуулах тухай асуудал хамаарах уу?

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР:

-Хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн эрх хэвээр хадгалагдана. Харин тогтоолгоогүй бол тэтгэврийн нас нэмэгдэх системээрээ нэмэгдээд явах зохицуулалт орж ирсэн. Монголын ахмадын холбоотой хамтарч судалгаа хийж үзсэн. Тэтгэвэрт гарсан ахмадын 67,5 хувь нь ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд энэ асуудлыг тусгана.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж