”АН төсвийн тодотголыг дэмжих боломжгүй гэж үзэж байна”

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

”АН төсвийн тодотголыг дэмжих боломжгүй гэж үзэж байна”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд мэдээлэл хийж, төсвийн тодотголтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцов. Тэдний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийг хүргэе.  


УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ

  • Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөний асуудал байна. Өмнө нь эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч хүүхдүүдэд 223 тэрбум төгрөг олгож болоод байсан. Гэтэл одоо Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шаардлагаар гэдэг үгээр халхавчилж, 40 хувьд нь олгох заалт оруулж ирж байна.
     
  • Хоёрдугаарт, сайд нарын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж манай намын бүлэг үзэж байгаа. 
     
  • Гуравдугаарт, бид тэтгэврийн насыг хөндөж байгаа. Тэтгэвэрийн насыг 65 хүргэх, дэлхийн жишигт хүргэх зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Монгол Улс ажилгүйдэл өндөртэй, үйлдвэр сул хөгжсөн орон. Ийм улсад тэр дэлхийн жишиг таарах уу, үгүй юу гэдгийг эргэж харах ёстой.
     
  • Дөрөвдүгээрт, маш олон хүний хэрэглээ болсон “Приус” машиныг онцгой албан татварт хамруулахаар оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа. Шинэ Приус машин 375 мянгаас 5 сая төгрөг төлөх байдлаар татварыг оруулж ирлээ. Үүнийг бид залруулах нь зүйтэй гэж үзэж байна.
     
  • Тавдугаарт, жилийн орлого нь 42 сая төгрөгөөс дээш цалинтай иргэнд ¼ татвар ногдуулах нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа.
     
  • Зургадугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь буруу гэж харж байна.
     
  • Долдугаарт, ОУВС орлогоо нэмэгдүүл, зарлагаа хас, алдагдлаа бууруул гэдэг шаардлага тавьсан ч төсвийн тодотголд энэ бүхэн эсрэгээрээ байна.
     
  • Наймдугаарт, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад боловсрол эзэмшиж байгаа 450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн. Цэрэг офицеруудын нийгмийн халамж алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА

-Төсвийн тодотгол иргэдийн одоогийн орлогын хэмжээг бууруулахаар төлөвтэй орж ирж байна. Шатахууны онцгой албан татвар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлнө.

Улс өөрөө хуримтлалтай болох бодлоготой байх ёстой. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол зэрэгцүүлээд улс өөрийн хуримтлалаа өсгөх бодлого баримтлах нь зөв. Харамсалтай нь, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдал руу хийгээд, 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй болж, иргэдэд хуримтлал үүсгэх боломж олгохгүй болно. Ийм алдаатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна.

Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал удаан үргэлжилнэ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарлагаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй.

Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш юм. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй. Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ

Аймаг, сумын Засаг дарга нар нэг л орлогчтой байх ёстой. Гэтэл одоо зарим нь хоёр орлогчтой байна. Би хоёр орлогчийн зардлыг хасах, дэд сайдын зардлыг хасах тухай санал гаргасан. Гэтэл МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй. Эндээс энэ хүмүүст улс орны эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу, үгүй юу гэдэг нь тод харагдаж байгаа юм.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж