Л.Оюун: ОУВС-ийн шаардлагын дагуу явбал үр дүнгээ өгнө

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Л.Оюун: ОУВС-ийн шаардлагын дагуу явбал үр дүнгээ өгнө

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюунтай ОУВС-ийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.


ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал эцэслэгдээгүй байна. Гэвч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудал маш их шүүмжлүүлж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна уу?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон. Аливаа улс хөгжих эдийн засгийн суурь орчин бүрдсэн байх ёстой ч Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тэр суурь нь бүрдээгүй байна. Тиймээс бид цаашид хөгжихөд эдийн засгийн сууриа бүрдүүлэхийн тулд ОУВС-тай хамтран ажиллахаас өөр зөв сонголт байхгүй байна гэж харж байна. Энэ хөтөлбөрт хамрагдахыг эсэргүүцэж байгаа асуудлыг би улс төржилт гэж харж байна. Манай улстөрчид нэг нь нэг зүйл хийх гэхээр нөгөөх нь гарч ирээд үгүйсгэх, шүүмжилдэг жишигтэй болчихсон байна. Эдийн засгийн өнөөгийн бодит байдалтай дүгнэлт хийгээд үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг улстөржүүлэхгүй, хэрэгжүүлээд явах нь зөв гарц юм гэж бодож байна.

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь бид санхүүгийн эрх мэдлээ бусдад алдаж байна гэх шүүмжлэл маш их байна. Энэ хөтөлбөр бусад оронд хэрхэн хэрэгжиж байсан юм бэ. Монгол Улс ОУВС-тай хам тарч, хэд хэдэн удаа хөтөлбөр хэрэгжүүлж байсан шүү дээ?

-Өөрийнхөө дотоод удирдлагаар, өөрчлөлтөөр асуудлыг шийдэж чадахгүй бол  энэ хөтөлбөрийг бусад орнууд авч хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр тухайн орныг хөгжүүлэхэд асуудлыг хэлэлцдэггүй, ярьдаггүй, зорьдоггүй. Ганцхан хөгжих суурь орчныг бүрдүүлэхэд тусалдаг хөтөлбөр. Тиймээс бусад оронд хэрэгжиж байсан, Монгол Улсад хэрэгжиж байсан хөтөлбөрүүд амжилттай байсан гэж би үздэг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа Монгол Улсын хөгжлийг ярих нь дотооддоо хийх, тусдаа асуудал юм.

ОУВС-ийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлт байсан ч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг сонгосон. Яагаад?

-Улс орнууд хүсэлтээ гаргасны дагуу ОУВС тухайн орны эдийн засгийн нөхцөл, орчныг судалсны үндсэн дээр сонголтоо хийдэг. Тэд өөрсдийн судалгаа, шинжилгээнд үндэслэн Монгол Улсад “Стэнд бай” биш Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж сонгосон байгаа юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжиж эхэлбэл түүний араас хэд хэдэн том хөрөнгө оруулалт, зээл, тусламж орж ирэхээр байгаа учраас хөтөлбөрийнхөө чиглэлийг сольсон байх.

-ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнгээ өгч чадах болов уу, та юу гэж харж байна. Хөтөлбөрт хамрагдах эсэх нь тодорхойгүй байхад л үр дүнг нь олон янзаар тайлбарлаад эхэллээ?

-Энэ хөтөлбөр үр дүнгээ өгнө гэж бодож байна. Яагаад гэвэл ОУВС-ийн хөтөлбөрийн эхний хийх алхмууд нь Монгол Улс улсын төсвийн орлого буурсан, төсвийн орлоготой болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд чиглэсэн байсан. Нөгөө талаас ороод ирсэн мөнгийг удирдах, хэмнэлттэй, зөв зохистой удирдах тал дээр хэд хэдэн шаардлага тавьсан байсан. Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу явах юм бол үр дүн нь гарна гэж харж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд ОУВС-аас Монгол Улсад нэг шаардлага тавиасай гэж бодож байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж  ирнэ. Энэ мөнгөний зардал, хөрөнгө оруулалтыг ил тод, нээлттэй байлгах тал дээр шаардлага тавиасай гэж би бодож байгаа.  Өөрөөр хэлбэл, олон улсын эсвэл дотоодын хараат бус институцээр зардалд хяналт тавьдаг байх шаардлага тавих хэрэгтэй. Яагаад гэвэл бид энэ мэт их хэмжээний мөнгө оруулж ирж, хаана, юунд зарцуулагдсан нь тодорхой өнгөрдөг байсан шүү дээ. Энэ ил тод биш, мөнгөний зарцуулалтын хаалттай байдал нь Украйн, Грекийн жишээг давтахыг үгүйсгэхгүй. Бид тэр орнуудыг жишээг давтахгүй тулд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд орж ирэх 5,5 тэрбум ам.долларын зарцуулалт дээр анхаарлаа хандуулж, тавьж буй шаардлага дээрээ нэмээсэй гэж бид хүсч байгаа юм.

-Хараат бус гэхээр Монгол Улсад төрөө хяначих хараат бус институци олдох уу?

-Монгол Улсад хараат бус институци байх хэцүү байх. Тэгэхээр ОУВС гадаадын эсвэл дотоодын байх уу гэдгээ өөрсдөө сонгоод, хамгийн гол нь хараат бус институциар энэ хяналтыг хийлгэх нь хамгийн чухал.

-2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Долоон төрлийн татвар нэмэгдэж байгаад иргэд, аж ахуй нэгжүүд их шүүмжлэлтэй хандаад байх шиг байна?

-Энэ долоо төрлийн татвар нэмж байгааг шүүмжлэхээс илүү түүний ард ямар асуудал байна гэдгийг том зургаар нь харах нь чухал. Жишээлбэл, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэдэгт иргэд их шүүмжлэлтэй байгаа. Энэ бол хадгаламжаас нь бус хадгаламжийн хүүгийн орлогоос авах гэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бол хадгаламжийн хүүгээс орлого олж байгаа юм чинь тэр орлогын тодорхой хувийг татварт өгч болдоггүй юм бэ гэж бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тэр татвар улсын төсөвт орж ирж байж хамтын хэрэглээ, нийгмийн хэрэгцээг хангах зарцуулалтад очно гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидний төлж байгаа татваруудаар нийгмийн халамжлах хэсгээ халамжлах, нийтийн цэвэр, аюулгүй орчин бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж гээд маш олон зүйлд зарцуулагдаж байгаа гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Оролцож болдоггүй нийгмийн асуудалд татвараараа оролцож болно гэдэг ухамсрыг хүмүүст суулгамаар байгаа юм. Мөн архи, тамхины онцгой албан татвар нэмж байгаа нь архи, тамхины хэрэглээг бууруулах гэсэн санаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Шатахууны импортын татварыг нэмэгдүүлнэ гэдэг нь бид өөрсдөө дотооддоо шатахуун боловсруулах үйлдвэрлэдэг боломжтой болох, энэ боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна гэх мэт дараагийн үр дүнг нь харах, том зургаар нь харах нь зүйтэй байх. 

-Татвар нэмэх асуудлыг дагаад төр хэмнэлт хийхгүй байна гэдэг бас их шүүмжлэл дагуулж байгаа. Ялангуяа төрийн данхайсан бүтцийг бууруулах боломжтой гэж хэлээд байгаа шүү дээ. Төр ер нь ямар хэмнэлт хийж байх шиг байна?

-Төр захиргаанаас хэмнэлт гаргахгүй, төрийн албан хаагчийн цалингаасаа танах бодлого баримталж байна уу гэж хараад байна. 100 ямаанд 60 ухна шиг байж болохгүй учраас төр үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Төрийн ажлыг гол хөдөлгөгч хүч нь төрийн албан хаагч. Тэгэхээр гол хөдөлгөгч хүчнээ танахаас илүү төрийн удирдлага цомхотгох  ёстой гэдэгтээ төр зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй.

-Ирэх жилүүдэд эдийн засаг сайжрах төлөв байна уу. Ялангуяа ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаад тодорхой бодлогын шийдвэрүүд гаргаад эхлэхээр хөрөнгө оруулалт наашлах чимээ байна уу?

-Хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэхдээ орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг ирээдүй, урт хугацаагаа харж байж хөрөнгө оруулалт хийх ёстой. Өдөр өнгөрөөсөн, ам хаасан, улстөржсөн зүйл битгий хийгээсэй гэж хүсч байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж