Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар тогтоосон. Геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзэж, ийнхүү тогтоожээ.
Ингэснээр Гацууртын төсөл гацаанаас гарч байна гэж хэлж болохоор. Учир нь, стратегийн орд газар болон тусгай хамгаалалттай газар хоёрын хоорондын хилийн зааг хязгаарыг нарийвчлан тогтоох эсэх асуудал дээр шүүхэд маргаан үүсээд удаж байгаа юм.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг.
Гацууртын алтны үндсэн орд нь нийтдээ 27.6 сая тонн төмрийн хүдэр, 75.9 мянган тонн алтны нөөцтэй гэж тооцогддог байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус ордыг 17.1 сая тонн төмрийн хүдэр, 50 тонн алтны нөөцтэй гэж бүртгэжээ.
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс өмнөх парламентын үед Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож өгсөн ч Ноён уулд эртний дурсгалт булш бунхан байна гэсэн төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл одоо ч өрнөж буй. Гэсэн ч газрын хэвлий доороо 50 тонн алттай Гацууртын ордод хууль бус нинжа нар одоо ч хулгайгаар алт олборлосоор байгаа билээ. Байгалийн эсрэг “террорист”-уудын хувьд хулгайгаар олборлосон алтаа хар захаар борлуулдаг. Энэ нь улсын болон орон нутгийн төсөвт сохор зоосны ашиггүй гэсэн үг. Нөхөн сэргээлтийн тухайд ямар яриа байхгүй гэж ойлгож болно.
Хууль ёсны компани Гацууртын ордын алтыг олборлосноор нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 438.8 сая орлого олно гэсэн тооцоог Ардчилсан намын засгийн үед гаргаж байсан.
Тодруулбал,
Хөрөнгө оруулалтын хэмжээг 215.9 сая ам.доллар
Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар
Татвар хураамж төлбөр хэлбэрээр 438.8, сая ам.доллар
Цэвэр ашгийн хувьд 90.6 сая ам.доллар олж, нийт мөнгөний урсгалын 81 хувь нь Монголд үлдэнэ гэж тооцжээ.
Ямар ч байсан 2017 онд Гацууртын ордыг хөдөлгөнө гэсэн амлалтынхаа дагуу Мэргэжлийн засаг тус ордын хилинй заагийн хязгаарыг тогтоож өгснөөр “Алт II” хөтөлбөрийн хүрээнд 50 тонн алтыг хууль ёсны компаниар ухуулж, хуулийн дагуу Монгол Улс татвараа авахаар болж байна.
Ж.ЭРХЭС