Монголчууд 3,2 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2017.04.09-нд нийтлэгдсэн

Монголчууд 3,2 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг

Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, долоо төрлийн татвар нэмэх шаардлага гарсан. Түүний дотор архи, тамхины онцгой албан татвар нэмэхээр болсон. Тэгвэл архи, тамхины онцгой албан татвар нэмэх болсон шалтгааныг тайлбарлавал, Монгол Улсын нийт иргэдийн 27 хувь, 15 наснаас дээш нийт эрэгтэй хүний 49 хувь буюу насанд хүрсэн хоёр эрэгтэй хүний нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг аж.

Тэгвэл ийм хэрэглээтэй улсын хувьд импортын тамхины хэрэглээ өндөр гэдгийг ч мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины үнийн дүнд эзлэх татварын зохистой хэмжээ 70 хувь гэж тогтоосон байдаг боловч Монгол Улсад тамхины үнийн дүнд эзлэх татварын хувь хэмжээ 20-25 хувь байдаг юм байна. Энэ нь бүс нутагт болон дэлхийд доогуур орох үзүүлэлт юм.

Ганцхан жишээ дурьдахад, Монгол Улсад орж ирж буй импортын тамхины томоохон хувийг “ESSE” тамхи эзэлдэг. “ESSE” нь нэг хайрцаг (20 ширхэг) нь дунджаар 890 төгрөгөөр орж ирдэг бөгөөд, ГАТ, ОАТ, НӨАТ зэрэг татваруудаа нэмээд ойролцоогоор 900 орчим төгрөг болдог. Ингэснээр нэг хайрцаг тамхины өртөг нийт 1,790 орчим төгрөг болдог боловч зах зээлд 3,500-аас дээш төгрөгөөр худалдаалагддаг байна. Тиймээс тамхины онцгой албан татварыг нэмэх нь зүйтэй гэж Сангийн яам үзсэн учраас татвар нэмэхээр болжээ.

Монгол Улсын нийт тамхины хэрэглээ жилд дунджаар 3.2 тэрбум ширхэг янжуур тамхи хэрэглэдэг бөгөөд үүний 65 хувийг импортын тамхи эзэлдэг. Нийт импортын тамхины 85 хувийг ESSE, Parliament, West, LD гэсэн дөрвөн төрлийн тамхи бүрдүүлдэг аж. Тамхины гаалийн албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 тэрбум, 2018 онд 26 тэрбум, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэнэ гэж тооцжээ. Импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр тамхины жижиглэнгийн үнэ буюу нэг хайрцаг тамхины үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцооллыг Сангийн яам гаргажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж