“Samsung”-ийн өв залгамжлагч гэм буруугүй гэж мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.09-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн өв залгамжлагч гэм буруугүй гэж мэдүүлжээ

“Samsung Electronics” компанийн дэд захирал И Жэ-ёныг шүүх хурал баасан гаригт /2017.04.07/ эхэллээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулах хэмжээнд хүрсэн авлигын дуулианы гол дүрүүдийн нэг, “Samsung” группийн өв залгамжлагч И Жэ-ёнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт /2017.04.07/ эхэлсэн билээ. “Samsung Electronics” компанийн дэд захирлын алба хашдаг тэрбээр Сөүл хотын тойргийн шүүхэд болсон хуралд саарал хослолтой иржээ. Түүнээс гадна “Samsung”-т удирдах албан тушаал хашдаг дөрвөн эрхэм шүүх хуралд оролцсон байна.

Шүүх хурлын үеэр И Жэ-ён өөрт тулгасан ялыг эсэргүүцэж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн тухай “Йонхап” агентлаг мэдээллээ.

“Samsung” группийн бүрэлдэхүүнд багтдаг хоёр салбар нэгжийг нэгтгэх замаар группийн удирдлага доторх байр сууриа бэхжүүлэхийн тулд Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун-шилд 43.3 тэрбум воны (38.3 сая ам.доллар) авлига өгсөн хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм. Нийт мөнгөний 20.4 тэрбум воныг  Чой овогтын удирддаг “Mir” болон “K Sports” гэх хоёр санд шилжүүлжээ.

Энэ үйл явцад ерөнхийлөгч асан Пак Гын Хэ оролцож, “Samsung Electronics”-ийн дэд захиралд дарамт шахалт үзүүлж, Чой Сун-шилийн тэргүүлдэг санд мөнгө шилжүүлэхийг шаардсан гэгдэж байгаа юм.

Улмаар И Жэ-ёныг шүүхийн шийдвэрээр өнгөрсөн хоёрдугаар сард баривчлан саатуулсан.

И Жэ-ёны өмгөөлөгч мэдээлэл өгөхдөө “Энэ бол өв соёл, спортын хөгжлийг дэмжихийн тулд ерөнхийлөгчийн хүсэлтээр үзүүлсэн тусламж байсан. Хариуд нь ямар нэг тусламж хүссэн, авсан асуудал байхгүй” гэсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж