ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТЭРБУМ ХҮРЭХ Ч ӨГӨӨЖ НЬ САЙНГҮЙГ ОНЦЛОВ
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас саяхан (2017.04.06) Азийн эдийн засгийн тоймыг танилцуулсан юм. Ази дотроо Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвийг хэрхэн харж байгаа нь мэдээж та бидэнд илүү хэрэгтэй. Тиймээс тус банк манай улсын эдийн засгийг хэрхэн оношилсныг АХБ-ны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада-Хагиварагийн танилцуулснаар хүргэж байна.
ОУ-ЫН БАЙГУУЛЛАГУУД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТҮЛХҮҮР
Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт ойрын хэдэн жилдээ, тэр дундаа 2017 онд манай улсын эдийн засгийг тэжээн тэтгэсээр байна гэдгийг эдийн засагч онцлон дурдлаа.
Тэдгээр хөрөнгө оруулалтын дүнд Монгол Улсын эдийн засаг 2017 онд сэргэж, 2.5 хувиар өснө гэсэн өөдрөг төсөөллийг АХБ гаргав.
Нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал дээд цэгтээ хүрснээр энэхүү өсөлт 2018 онд ч хоёр хувьтай хэвээр байх бөгөөд инфляци ирэх хоёр жилд өснө гэж үзжээ.
Уул уурхайтай холбоотой импортоос шалтгаалан урсгал данс алдагдалтай хэвээр байх нь анхаарал татаж байна.
Ийм тохиолдолд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь санхүүгийн алдагдлыг нөхөх болон нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах гол түлхүүр болно гэж АХБ тодотголоо.
ИНФЛЯЦИ 3,5-3,9 ХУВЬД ХЭЛБЭЛЗЭНЭ
Байгалийн баялгаас олох төсвийн орлогын зөв зохицуулалтыг нь томоохон сорилт хэвээр байх болно гэдгийг манай улсад онцгойлон санууллаа.
Энэ хавраас эхлэн нүүрсний үнэ харьцангуй өсч, дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ дээшилсээр байх боловч олсон хэрээрээ үрдэг муу зуршлаа гээх хэрэгтэй гэдгийг шинжээчид эелдгээр сануулсаар байна.
Оюутолгойн уурхайн хоёрдугаар ээлжээр 2017 онд нэг тэрбум ам.доллар, 2018 онд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Цэвэр зэс, зэсийн баяжмал, нүүрсний экспортоос олох ашиг өндөр байгаагаас 2017 оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх ч, Оюутолгойн эд хөрөнгө давамгайлсан хөрөнгө оруулалтын импорт нэмэгдсэнээр 2018 оноос сөрөг нөлөөлөл ажиглагдаж болзошгүй гэнэ.
Инфляци 2017 онд 3.5 хувь, 2018 онд 3.9 хувь хүртэл өснө. Мөн өрхийн хэрэглээ, төрийн хөрөнгийн зарцуулалт болон зарим урсгал шилжүүлгүүд төсөвт дарамт учруулсан хэвээр байна гэсэн түгшүүрт мэдээг тэв дуулгаж байна. Төрийн тансаглал, ирэх онуудад ч хязгаарлагдахгүй гэдэг нь ард олны нуруун дээрх ачаа хөнгөрөх боломжгүйг давхар илтгэж байна.
Энэ онд болон ирэх онд онцгой албан татварууд нэмэгдсэнээр шатахууны үнэ өснө. Харин махны үнэ, нийлүүлэлтийн аль аль нь нэмэгдэх гэнэ. Энэ нь жил бүр уламжилж ирсэн нөөцийн мах зогссоноос шалтгаалах юм байна.
Нүүрсний экспорт нэмэгдэх нь эерэг нөлөөг эдийн засагт авчирна. Нүүрсний үнэ өссөнөөр урсгал дансны алдагдал 2017 онд ДНБ-ний 2.1 хувьд хүрч буурна гэсэн эерэг төсөөллийг АХБ гаргав. Нүүрсний экспорт тогтворжиж, импорт нэмэгдсэнээр 2018 онд 6.3 хувьд хүрч өснө. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт нь төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамтыг хөнгөвчилнө гэж тэд үзжээ.
Монгол Улс байгалийн баялгаас олох орлогын тодорхой хувийг ирээдүй хойчдоо үлдээх зорилгоор хадгалах нь хамгаас чухлыг онцлов.
2010 онд Төсвийн тогтворжилтын сан, 2017 онд Ирээдүйн өв санг тус тус байгуулсан ч жинхэнэ утгаар нь ажиллуулсан нь үгүй.
Дээрх сангуудад хуримтлал үүсгэхийн тулд төсвийн орлогыг нэмэгдүүлж, мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийх нь маш чухал . Ирээдүйд зориулсан санг онцгой байдлын үед л хэрэглэх хэрэгтэй хэмээн АХБ-ны эдийн засагчид санууллаа.
Д.ЦЭЭПИЛ