Марзио Дехо хоёр дахь гараанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Марзио Дехо хоёр дахь гараанд түрүүлэв

Өнгөрөгч ням гаригт Улаанбаатар хотын төв цэгээс аян замдаа гарсан “Mongolia Bike Challenge-2011” уулын дугуйн олон өдрийн уралдааны хоёр дахь гараа өчигдөр болж, өнгөрсөн жилийн аварга, Италийн дугуйч Марзио Дехо түрүүлжээ. Монголоор овоглосон энэхүү олон улсын дугуйн уралдаан энэ жил хоёр дахь удаагаа манай улсад зохиогдож байгаа ба 12 орны 59 тамирчин оролцож байгаа юм. Мягмар гаригт болсон эхний гараанд Канадын тамирчин Кори Уоллос тэргүүлсэн бол өчигдөр болсон хоёр дахь гараанд Марзио Дехо зургаан цаг, 33 минут, 10 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Харин Уоллос түүнээс дөрвөн минут, 18 секундээр хоцорч, хоёрдугаарт бариалсан бол Германы дугуйч Гербер Свен 06:43:50 цагийн амжилтаар гуравдугаар байрыг эзэлжээ. Харин эмэгтэйчүүдийн уралдаанд эхний гарааны ялагч, Австралийн тамирчин Мелинда Жэксон 07:50:00 цагийн амжилтаар түрүүлж, тэргүүллээ бататгасан байна. “Mongolia Bike Challenge-2011” уралдааны хоёр дахь гараанд тамирчид Өмнөговь аймгийн нутагт орших Дундсайхан уулын бэлээс Goby Discovery гэр бааз хүртэл 126 км зайд уралджээ. Тус гараанд Монголын тамирчдаас М.Уламбаяр /07:36:51/ 18 дугаарт, М.Батмөнх /07:56:07/ 23 дугаарт, н.Түмэндэмбэрэл /08:23:52/ 29 дүгээрт, Д.Эрдэнэбаяр /08:27:32/ 33 дугаарт, Л.Батбаяр /10:07:35/ 48 дугаар байрт тус тус бичигджээ.

Уралдааны гурав дахь гараа өнөөдөр болох бөгөөд дугуйчид Goby Discovery жуулчны баазаас Янгирт хүртэл 133 км зайд уралдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж