ДЭМБ-аас сэтгэл гутралын талаарх судалгааг хийсэн байна. Судалгаанд Ази номхон далайн баруун эрэгт орших 15 орныг хамруулжээ. Энэхүү судалгаанд Монгол Улс багтсан бөгөөд сэтгэцийн эмгэгийн тархалтаар 7-рт, сэтгэл гутралын тархалтаар 3-рт, 100000 хүн тутамп амиа егүүтгэх тохиолдлын тоогоор 6-рт тус, тус жагсаж байна.
Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг байна.
Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байжээ. Сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал аж.Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддагүйнь өнөөгийн нийгэмд шийдэх ёстой асуудлын нэг болжээ.
Сэтгэл гутрал гэдэг нь: Зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.
Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж, хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшвал хүнөдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх чадваргүй болдог аж.
Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
Булчин сулруулах дасгал хийх
Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
Стресс тайлах ур чадварт суралцах
Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
Согтууруулах ундаанаас татгалзах
Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах
Т.НОМИН