Зоог барьж байх үед агаарын цохилт өгч байжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Зоог барьж байх үед агаарын цохилт өгч байжээ

Сирийн Засгийн газрын цэргүүдийн бааз руу АНУ агаарын дайралт урд шөнө хийлээ. Газар дундын тэнгист байрласан хоёр хөлөг онгоцоос “Томогавк” маркийн 60 орчим пуужин харвасан хэмээн CNN мэдээлж, видео бичлэгийг сайтдаа байршуулжээ.

Дайралтын гол цэг Хомс мужид байрлах Сирийн Засгийн газрын армийн нисэх буудал байсан байна. Үүнээс гадна дэд бүтцийн объектууд, тэр дундаа зам, шатахуун нөөцлөх газрууд байжээ.

Сирид цохилт өгөх шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад айлчилж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпинийг хүндэтгэн зоог барихын өмнөхөн болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргажээ. Хятадын тэргүүн Си Жиньпин болон түүний эхнэр Пен Ли Юанийг Трамп Флорида дахь хувийн эдлэндээ хүлээн авч зоог барьсан бөгөөд зоог барьж байх үед агаарын цохилт ид хийгдэж байжээ.

АНУ-ын энэ үйлдэл нь гурав хоногийн өмнө Сирийн Идлибт химийн зэвсэг хэрэглэн 80 гаруй энгийн иргэн, тэр дундаа 30 орчим хүүхэд амиа алдсаны хариу болгон барьж байгаа шийдвэр юм.

“Химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн эсрэг агаарын цохилт өгөх шийдвэрийг би гаргалаа. Гүн хор хөнөөлтэй химийн зэвсэг хэрэглэхийг хориглох нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал” хэмээн сэтгүүлчдэд өгсөн товч мэдээлэлдээ Трамп онцолсон байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж