Барак Обама 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшихээр өрсөлдөж байхад түүний өмнөхөн Нобелийн уран зохиолын шагналтан болсон хөгшин эмээ Дорис “Би түүнийг ялаасай гэж хүсэхгүй байна. Түүнийг алаад хаячихна даа” гэж хэлэн олныг цочроож байлаа.
Харин өнөөдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама төрсөн өдрөө тэмдэглэж буй. Бурхны ивээлээр тэрээр амьд мэнд, эрүүл саруул байна. Гэхдээ 90 настай зохиолчийн сануулга зарим талаар биеллээ олжээ. Сэтгэл санааны асар их бухимдал, нуух аргагүй Обамаг жигших хувийн үзэн ядалт Америкт давалгаалж байна. Нийгмийн туйлшрал, зохицол хурцатмалын дээд цэгт хүрч байгаа нь тэргүүлэх намуудын хүйтрэлийг гаргаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш бахархал нь болж ирсэн зохицолдооныг бүтээх цуутай улс төрийн машины ажиллагаа нь доголдох болов. Холбооны Засгийн газарт зээлийнхээ төвшний лимитийн нэмэх техникийн гэмээр алхмыг сүүлийн жилүүдэд хийж ирснээс үүдсэн сөргөлдөөн тэргүүлэх хоёр намын хооронд үзэл бодлын болон амбицийн том хавцал байгааг харууллаа. Улам бүр ойлгомжгүй бүдгэрч, эрчимтэй хувирч байгаа бодит байдлын нөгөө талаасаа нийгмийн хагарлыг харуулав. “Манайд буун дуугүй иргэний дайн явагдаж байна” гэж нэгэн америк хүн хэлж байна.
“Өдөөн хатгагч демогог биш намын дараа үеийн эв нэгдлийг бүтээгч” болохоо сонгуулийн кампаниараа амлаж, 1960-аад оны туйлширсан үймээнээс бүтэн үеэр тусгаарлагдсан шинэ нүүр царай” хэмээн өөрийгөө нэрлэн үзэл сурталжсан биш практик шийдвэр шаардлагатай гэж байсан Обамагийн хувьд өнөөдөр үр дүн нь өөрөөр харагдаж байна.
Барак Обама 2008 оны намар ялалт байгуулахад АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгчөөс хүлээж байсан түүний талынхны найдварын цар хүрээ, хүлээлтийн урьдчилгааг хэн ч төлж чадахааргүй байсан юм. Одоо түүний гарааны байдлаас нь эхлэн бодит шаталбараар үнэлэх аваас тийм ч амжилттай биш гэх сэтгэгдлийг төрүүлж байна.
Америкийн 44 дэх ерөнхийлөгч парадокс улстөрч. 2008 онд анхаарал татан дуулиан болж байсан гол зүйл нь өдгөө төөрөгдөлд оруулж байна. Тэрээр нийтийн ойлголтын африкийн америк биш. Нэг үгээр Америкт авчирчсан боолчуудын залгамж үе биш. Тэрээр гэр бүлээ эрт орхисон африк эцэг, түүнийг өсгөн хүмүүжүүлсэн америкийн цагаан арьстан эхийн хүү. Хүмүүжлээрээ Обама ард олноос нэлээд хол элитийн боловсролтой, зүүний чиг хандлагатай оюунлиг хэсгийн төлөөлөгч. Эндээс л түүний тэгш эрхийн уриа нь гардаг. Энгийн сонгогчдод түүний юу ярих нь хамаагүй бөгөөд Обама тэдэнд өөрийн хүн гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй.
Түүний ерөнхийлөгчийн үе нь ийм ээдрээтэй эгшинд таараагүй бол Обамагийн оюунлиг, улс төрийн авьяас нь гайгүй үр дүнд хүрэн шинэ Билл Клинтон маягаар харагдуулах байсан биз. Хүйтэн дайны дараа барууны ертөнцөөр тархсан улс төрийн харьцангуй хэнэггүйрэл ба эдийн засгийн хөөрлийг санагалзсан олон хүнд тэрээр дотоод зөрчилтэй ч хурц тод од болон харагдах байсан болов уу. Гэхдээ даяарчлалын аймшгийн хагаралдаан, тогтсон хэв маягийн уусалт, түүнтэй холбогдсон институтийн зэврэл зэргээр ирээдүйд айдастай хандах болсон үе нь 2000-аад оны эхэн гэж болно. Энэ цаг үе л лидерээс шийдэмгий бяр амтагдсан, үндэсний хөлөг онгоцоо өөрчлөлтийн далайгаар удирдан гатлах чадварыг шаардана. Харин тэр дүр нь Обамагаас харагдахгүй байгаа юм.
Ричард Никсон 1969 онд албандаа орж байсан үеэс хойш хамгийн хүнд өв Обамад залгамжлагдан ирсэн байх. Бараг найдваргүй болсон хоёр дайн, эдийн засгийн хүнд хямрал, дэлхийд Америкийн нэр хүнд унасан “өв” түүнд ирэв. Хоёр туйлт сөргөлдөөнний дараа бүх нийтийн ойлгомжгүй байдал үүссэн, дэлхийд тогтвортой байдал тогтож чадаагүйд асуудлын гол нь оршиж байв. Обаматай тулгарсан хүндрэл нь түүний хувийн шинж чанараас гадна тулгарсан асуудлыг шийдэх чадвар шаардаж байгаагаас гадна дэлхийн стратегийн зураглал өөрчлөгдөн Америк шинэ байр суурь хайхад хүргэж байна. Обама түүнээс өмнө наад зах нь неолиберал хувьсгалыг хийн өөдрөг санааг дэвшүүлэн Америкийн хөгжлийн замыг арван жилээр тогтоохдоо бутрал хагарлын эхийг гаргаж өгсөн Рональд Райгенаас эхлэн үндэстнээ сэтгэлийн их дарамтад оруулсан бага Жорж Буш хүртэл дөрвөн ерөнхийлөгчийн орооцолдуулсан зангилааг тайлахаар оролдож байна.
Өөдрөг сэтгэл бүхий эвлэрүүлэгчид Америкийн үймэрсэн нийгэмлэгт шинэ санаа, шинэ шүтээн хэрэгтэй гэж бодсон нь лавтай. Учир нь америкчууд нэр нүүрээ барсан улстөрчдөөс огт өөр хүнийг хүсч байсан юм. 2008 онд олон америк хүн хар арьстан ерөнхийлөгчийг сонгосон улс орноороо бахархаж байлаа. Иргэний нийгэм нь улсаасаа өмнө үүссээд Засгийн газраас анхдагч нь гэх Америкт Обамагийн улс төрийн карьер нь улс орных нь бахархах уламжлалын бэлгэдэл болж байлаа.
Францын Алексис де Токвилль аль эрт 1831 онд далайн чанад дахь гүрнийг судлахдаа амьдралынх нь бүх салбарт нөлөө бүхий, сайн дурын эвсэл холбоод байгаа нь Европоос өөр гэж тэмдэглэж байсан билээ. Обама ерөнхийлөгч хүрэх замаа Чикаго хотноо “хамтын нийгэмлэг”-т (community organizing) ажилласнаар эхэлж байв. Энэ Америкийн ойлголт нь учир байдлаараа холбогдсон гэхдээ нийтлэг зорилтоо ойлгодоггүй хүмүүсийг (жишээлбэл, амьдарч буй газраар нь, сурлага, мэргэжил гэх зэргээр) нэгтгэх үйл ажиллагаа юм. Зохион байгуулагч нь хэсэг бүлэг хүмүүсийг удирдах эсвэл албадан шахах бус тэдэнд зорилгыг нь ойлгуулахыг хичээдэг.
Энэ ажлын туршлага нь Обамад тэр тооцоог өгч, улс төрийн үйлдлийнх нь суурийг тэлж өгчээ. Обмагийн эсрэг чадлаараа тэмцэж байсан Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахыг урьсан нь тийм хандлагын нэг илэрхийлэл болон олонд гайхагдаж байв. Ерөнхийлөгч өөрийг нь бараг л Христийн эсрэг тал гээд байдаг Бүгд найрамдах намтай нэгдэн хамтдаа зорилгоо тодорхойлохыг зарлан тунхаглаж байв. Үүнээс ч үүдэн гадаад бодлогын хандлага нь сөргөлдөөн гэхээсээ талуудын сонирхол төрүүлсэн асуудлыг шийдэхэд чиглэсэн байгаа юм.
Обамагийн Чикагогийн түүхийг судалсан сэтгүүлч Байрон Йорк “Тэрээр хүмүүсийн юуны тулд зохион байгуулж байгаасаа илүүтэй тэднийг хэрхэн зохион байгуулах талаараа ер бусын сэтгэмжтэй. Хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг сайн санадаг. Олон хүнийг амьдралаа өөрчлөхөд нь дэм өгөн уриалж байсан гэдэг. Бүгд түүний санаа нэгтнүүд биш байсан ч түүнд, түүний ажил хэрэгт нь итгэхийг хүсч байлаа. Махмуд Ахмадинежад энэ зэрэглэлд багтана гэж үү? Эсвэл талибууд? Эсвэл Ким Чен Ир? Эсвэл Владимир Путин?" гэсэн байв.
Обамагийн цэгцтэй үзэл баримтлал нь гадаад фронт дээрээ л хий эргэж эхэлсэн юм. Ерөнхийлөгч 2009 онд хөтөлбөрийн чанартай үгээ Стамбул, Каир, Прага, Москва, Аккрад хэлсэн. Үг нь энх тайван, эв нэгдлийн суурийг засах ёстой байсан ч дажгүй сэтгэгдэл үзүүлснээс өөр үр дүн гаргасангүй. Хамгийн бүдэг, чанар муутай айлчлал нь Хятадад боллоо. Бээжингийн удирдлага түүний илүү ч үгүй дутуу ч үгүй ердийн нэг Америкийн ерөнхийлөгч шиг хүлээн аваад санаачлагыг гартаа авав. Онцгой имиж үгүйгээр Обамагийн ер бусын төрх нь алдагдаж байгаа мэт л байв. “хамтын нийгэмлэг” байгуулан Чикагогийн африк гаралтнуудын орон гэрийн нөхцлийг зохион байгуулж байсан тактик нь мөнхийн өрсөлдөөн, үндэсний сонирхолтой дэлхийн улс төрд үйлчилсэнгүй.
“Үнэн хэрэгтээ дайтах хүсэлгүй“ дээд ерөнхий командлагчтай дайны ялалтын стратегийг боловсруулах нь маш хүнд” хэмээн засгийн нэгэн төлөөлөгч Афганы асуудлыг ярихдаа хэлж байлаа. Нобелийн шагнал авах ёслол дээр 2009 оны арванхоёрдугаар сард үг хэлэхдээ “Өөрийгөө реалист гэгчид ба идеалистуудын хоорондын сөргөлдөөн Америкт ямагт байсаар ирсэн юм. Тэр нь өөрийн сонирхлыг илэрхийлсэн явцуу чиг хандлага эсвэл манай үнэт зүйлийг суулгах гэсэн төгсгөлгүй кампаниас хамааралтай. Би ийм сонголтыг үгүйсгэж байна” гэсэн юм. Сонголт хийх хүсэлгүй байгаагаас Обамад Иракийн цурманд оруулсан, Афганы дүрэлзэж байгаа хоёр дайнаа дуусгахад хүргэж чадсангүй. Мөн тэрээр өөрийн эрх мэдэлгүйгээр хачирхалтай Ливийн гурав дахь дайнд нь оров.
Товчоор хэлбэл Обама Нобелийн энх тайвны шагнал авах болсон ганц зүйл нь түүнийг дэлхийн улс төрийн лидерүүдийн дунд орж ирсний дараах “уур амьсгал нь” байлаа. Нобелийн хороо Обамад шагнал өгөхөөр яарсан гэж болох юм. Түүнийг сенатад дөрвөн жил ч ажиллаагүй байхад америкчууд яаран Ерөнхийлөгч болгож байсан жишээ бий. Ер нь бол Обамаг бишрэн шүтэх яаралт дэлхийд гарч ирээд байна гэхэд илүүдэхгүй гэсэн сэтгэгдлийг тэр жил төрүүлж байсан юм.
Улс орон дотроо холбоотон ба сөрөг талынханд тэвчээртэй хандаж ирсэн нь аль аль талыг нь радикализм руу түлхлээ. Обамагийн эсрэг зогсох зорилгоор л “Цай уулт” хөдөлгөөн үүссэн юм. Энэ либертианчууд, тусгаарлагчид, хэт нэг талыг баригчид, бүгд найрамдахчуудын хэсэг зэргээс бүрэлдсэн эвсэл 2010 оны Конгрессийн сонгуульд нөлөөллөө. Тайван тохилог бүгд найрамдахчууд бараг сонсогдохоо больж бас ардчилагч нарын жигүүрт “ганц ч алхам бүү ухар” гэсэн сэтгэгдэл ноёрхож байна.
Барак Обама түүхэнд “гүйцэгдээгүй томоохон хүлээлт” гэж бичигдэх эрсдэлтэй болж байна. Дэлхий ертөнц эргэж буцашгүйгээр хувиран өөрчлөгдөж, Америк өмнөх шигээ байж чадахгүй болсныг ойлгох хангалттай ухаан мэдрэмж түүнд байгаа. Тэрээр авъяаслаг, хүмүүсийг байлдан дагуулах чадвартай. Ямар ч байсан тэрээр ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа авчих магадлалтай. Энэ бүгдийнхээ хажуугаар тэрээр юу хүсээд буйгаа бүрэн харахгүй байгаа хүн гэсэн сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.
Хамгийн чухал нь тэрээр цаг үеэ олсонгүй. Жишигт бол гол асуудлуудаар үндэсний зөвшилцөл хэрэгтэй. Харин өнөөдөр зөвшилцөл хийх боломжгүй. Хүн төрөлхтөн өмнөх геополитик, нийгэм эдийн засгийн уналтын эцсийн үед орж байна. Ийм үед зөрөлдөөн эрс хурцатмал болдог бөгөөд уламжлалт хандлага үйлчлэхгүй, зөвхөн айдас төрүүлнэ. Томоохон хямралгүйгээр өнгөрнө гэж бараг үгүй. Шинэ үндэслэлээр ажиллаж эхэлтэл шүү. Тэр үеэр Обама шиг, түүнээс илүү эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй нэгэн хэрэгтэй болно.
Бүх улс орны мэдэх бид байх ёстой гэдэг ойлголттой харьцуулан үзэхэд Вашингтон ард хол үлдсэн учраас би тулаанаа үргэлжлүүлнэ” Обама 50 насныхаа ойн өмнө мэдэгдлээ. Тэр алдаж байх шиг. Вашингтон ч, улс орон нь ч хаана байх ёстойгоо мэдэхгүй байна. Тиймээс түүний тулаан нь Кихот ноёны тээрэмтэй хийсэн байлдааныг санагдуулах болно.
Иллинойс мужийн сенатор байсан, өнөөдөр 50 нас хүрч байгаа бага Барак Хусейн Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өнгөт арьстан. Хүүхэд ахуй цагт нь Барри хэмээн дуудаж байсан түүний эцэг том Барак Хусейн Обама Кени улсын иргэн, луо омгийн хүн. Эх нь Канзас хотын цагаан арьстан эмэгтэй. Бага Обама эцэг, эхийнхээ танилцсан Хавайн аралд төржээ. Түүнийг хоёр настайд нь эцэг эх нь салжээ. Аав нь нутаг буцсаны дараа Обамаг зургаатай байхад эх нь дахин нөхөрт гарч Индонези оюутан Лоло Соеторотой гэрлэсэн. Обама зургаан настайдаа Жакартад очин эхлээд мусульман сургуульд явж байв. 10 настайдаа Гонолулуд буцан ирээд хувийн сургуульд суралцан 1979 онд дүүргэжээ.
Боловсролоо үргэлжлүүлэн тэрээр эх газрын Америкт ирж Лос-Анжелесын Барууны гэх коллежид сурч байгаад дараа нь Нью-Йоркийн Колумбийн их сургуульд шилжив. Улс төрийн урлагийн бакалаврын зэрэгтэй. Сургуулиа төгсөөд 1983 онд Чикагогийн ядуусын эрх ашгийг хамгаалж хувийн өмгөөлөгчийн конторт ажиллаж байлаа. Түүний энэ ажил нь дээд боловсрол шаардсан учир тэрээр 1988 онд Харвардын хууль эрх зүйн сургуульд суралцлаа. Тэр жилдээ Обама, өмгөөлөгчийн туслах Мишель Робинсонтай танилцаж 1992 онд гэрлэжээ. Малия Энн, Наташа (Саша) гэсэн хоёр охинтой.
Обама агаасаа зорилготой хүүхэд байсан гэдэг. Сургуульд байхдаа ямар нэгэн орны ерөнхийлөгч болох хүсэлтэй гэж зохион бичлэгтээ бичиж, АНУ уу эсвэл Индонези үү гэдгээ л шийдээгүй гэсэн байж. Харвардын их сургуулийн Harvard Law Review хэвлэлийн хамгийн анхны өнгөт арьстан эрхлэгч нь болж байлаа.1990 оноос тэрээр амжилттай өмгөөлөгч, Чикаго хотын их сургуулийн багш болжээ. Иллинойс мужийн сенатад Обама 1996 онд сонгогдлоо. Дараа нь конгресст нэр дэвшээд преймеризийг давсангүй. Сенатын суларсан суудлын төлөө 2004 онд өрсөлдөн 70 хувийн санал аван анхны өнгөт арьстан сенатор болсон юм. Конгресст ардчилагчид цөөнх байхад тэрээр бүгд найрамдахчуудтай зохицон ажиллаж иржээ. Хамгийн анхны санаачлан батлуулсан хууль нь Ардчилсан Конго улсад ардчиллыг дэмжих хууль байлаа. 2007 оноос ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэн 2008 оны арваннэгдүгээр сарын 4-ний мягмар гаригт тэр 44 дэх ерөнхийлөгч гэж нэрлэгдэх мандатаа авчээ.