Монголын спортын түүхэнд гаргасан амжилт, дуурсгах гавьяа ихтэй чөлөөт бөхийнхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базаахаар өчигдөр Найрамдал төвийг зорьжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-18-нд Туркийн Стамбул хотноо болох юм. Дэлхийн аваргад зодоглох Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхны хувьд эртнээс бэлтгэл хангагдаж буй. Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан ОХУ-ын Буриад улсад сар гаруй хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн бол эмэгтэйчүүд Цонжин болдогийн ойролцоох Уубуланд долоо хоногийн хугацаатай сэргэлтийн бэлтгэлд гарсан юм. Улмаар үндэсний шигшээ багийнхан нэгдэж, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Найрамдал төвийг зорьсон байна. Сонирхуулахад, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жин, жингийн ангилалд эхний зургаан байрт шалгарсан буюу медалийн төлөө барилдсан бөхчүүд "Лондон-2012" олимпийн наадамд оролцох эрхээ авах юм.
С.Цэлмэг