“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын 2017 оны хоёр дахь тэмцээн болох “Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.
Хэдхэн хоногийн дараа Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон тус тэмцээнд нийт 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд нийт оролцогчдын гучаад хувь нь олон улсын цолтнууд байсан юм.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар түрүүлж, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, Олон улсын Их мастер Г.Ганжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удааллаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Олон улсын мастер М.Одгэрэл, Олон улсын Их мастер М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос Дэлхийн даамын холбооны мастер Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, зэрэггүй тоглогч Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэд болцгоожээ.
Б.ЭНХ