Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

АН-ын гол тоглогч

Өнгөрөгч Баасан гаригт Ардчилсан нам 27 жилийн ойн баяраа тэмдэглэлээ. Гэрэл зураг бүхний гэрч гэгчээр Ардчилсан намын ойн баярын зургууд З.Энхболд энэ намын гол тоглогч хэвээр байгааг харуулав.

2016 оны УИХ-ын сонгуулиар засгийн эрх мэдлээ алдаж, цөөнх болсны хариуцлагаа хүлээн, намынхаа долдугаар Их хурлаар С.Эрдэнэд тамга тэмдгээ шилжүүлсэн ч З.Энхболдын төлөвлөгөө ёсоор Ардчилсан намын шинэчлэл өрнөж байна гэж хэлж болно.

Ардчилсан намд өрнөсөн хоёр удаагийн дотоод сонгуулийн дүрэм, журам З.Энхболдын заавар, зааварчилгаанаас холуур хийгдсэн гэвэл үүн шиг худлаа дүгнэлт байхгүй.

Түүний заавраар боловсруулагдсан шинэ дүрмээр Ардчилсан нам удирдлагын хэвтээ тогтолцооноосоо бүрэн татгалзаж, босоо тогтолцоотой Ардын намын замаар алхахыг хүсч буй нь нэн ойлгомжтой болжээ. Чухамдаа энэ л Ардчилсан намын шинэчлэлийнх нь “алуур” болж магадгүй юм.

Улсын Дээд шүүхэд нэгэнтээ буцаагдан байж, хоёр дахь дээрээ бүртгүүлсэн шинэ дүрэмдээ Ардчилсан нам нээлттэй, ёс зүйтэй, тэгш оролцоотой, бодлого суурьтай нам болно гэж товчхон зааж өгсөн.

Ардчилсан намын шинэчлэл яг энэ л товчхон тодорхойлолтын дагуу өрнөж буй мэт боловч цаанаа З.Энхболдын байр сууриа хэвээр хадгалах ганц боломж нь болжээ.

Учир нь, Ардчилсан намаас гаргасан шийдвэрийг дагаагүй гишүүдийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар шинэ дүрэмдээ тусгаж өгсөн нь С.Эрдэнэ даргын гараар хийлгэж буй З.Энхболд улс төрийн нэг нүүдэл гэж хэлж болохоор. Тэр холын зорилгынхоо төлөө оффшорын асуудлаар нь С.Баярцогтыг, олигархи нэрээр Г.Батхүүг замаасаа зайлуулахыг хүсч байгаа нь үг, үйлдэл болгоноос нь харагдаж байна.

З.Энхболд ирээдүйн гол өрсөлдөгчдөө С.Баярцогт, Г.Батхүү гэж харж байгааг нь тэнэг хүн ч олж харахаар илэрхий болсон. Тиймээс шинэчлэл нэрийн дор өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах нь экс спикерийн улс төрийн нэг нүүдэл нь гэхэд буруудахгүй биз.

Гэвч, үүнд нь З.Энхболдын буруутгах нь бас учир дутагдалтай. “Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж бий” гэсэн үг байдаг.

Ердөө есөн сарын өмнө, төрийн албан тушаалгүй, намын эрх мэдэлгүй үлдсэн З.Энхболдоос сонгуулийн дараа олон хүн “ял” асууж байлаа. Түүний хатуу авир, зөрүүд зан, муйхар шийдвэрүүд Ардчилсан намын ялагдлын гол шалтгаан болсон гэж дүгнэх хүмүүс олон байв. Гэхдээ улс төрийн хүрээнд, тэр тусмаа Ардчилсан намд түүний хийх дараагийн үйлдэл сонин байсан юм. Тэр экс спикер, Ардчилсан намын зургаа дахь дарга хэвээр улс төрөөс арчигдах уу, аль эсвэл..? Ийм хүлээлтэд цэг тавьж, өнгөрсөн найман сарын хугацаанд тэр Ардчилсан намын дарга хэвээр байсан, байсаар ч байх болно гэдгийг ойн баярын гэрэл зургуудаас нь харагдаж байна.

Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийсэл, сум, дүүргийн удирдлагуудаа сонгосон Ардчилсан нам шинэчлэлээ 100 хувь хийж дуусгасан ч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгох том улс төр хүлээж байна. Хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах шинэ журмыг Дүрмийн ажлын хэсгээс боловсруулж буй ч Ардчилсан намд дотоод сунгаа явагдах уу, үгүй юу гэсэн том улс төрийн тоглоомын дүрэм чухам л түүний бодсоноор явагдана гээд мөрийцсөн ч болно.

Арван жилийн дараа хуралдсан намынхаа зургадугаар Их хурлын индэр дээрээс “Ардчилсан нам улс төрийн гол тоглогч байгаа шүү” гэдгийг 65 суудалтай эрх баригч МАН-ынханд сануулж явсан тэрбээр дотооддоо Ардчилсан намын гол тоглогчоо  гэдгээ алхам тутамдаа нотлохыг оролдож байна гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй л болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж