Ардчилсан намын 27 жилийн ой энэ сарын 6-8-ны өдрүүдэд болж, өнгөрсөн. Энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонгоор таван хүнийг шагнажээ.
Тодруулбал, Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатарыг 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан төдийгүй УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хамгийн олон санал авдаг уламжлал тогтоосон гэж үзэж Чингисийн одон хүртээсэн байна.
Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбатыг 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан зургаа дараалсан ялалт байгуулж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хамгийн өндөр оноо авах боломжийг бий болгосон гэж үзэж Чингисийн одон хүртээжээ.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Уянга сумын Ардчилсан намын дарга Т.Болдбаатар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нар амжилтаараа эн зэрэгцэж намын дээд шагнал болох Чингисийн одонгоор энгэрээ мялаасан байна.
Г.ХОРОЛ