11371 иргэний мөнгийг энэ долоо хоногт өгнө

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

11371 иргэний мөнгийг энэ долоо хоногт өгнө

Хүн амын орлогын албан татвар төлөгч иргэд жилдээ нэг удаа хөнгөлөлт эдэлдэг. Өмнөх жилдээ орон сууцанд орсон, шинээр хувийн сууц барьсан, эсвэл үр хүүхдүүд нь оюутан болсон бол дээрх хөнгөлөлтийг эдэлдэг хуультай.

Хуулийн дагуу 2016 онд эрх нь үүссэн 74222 иргэн энэ жилдээ татварын хөнгөлөлт эдлэхээр холбогдох албанд материалаа бүрдүүлэн өгсөн билээ. Тэдгээр иргэдэд нийт 45 тэрбум төгрөгийг буцаан олгох юм. Татварын буцаан олголтыг энэ сард эхлүүлнэ хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлж байсан. Яг хэзээ өгч эхлэх талаар тус албанаас тодруулахад шаардлагатай баримтуудыг бүгдийг Төрийн сан руу шилжүүлсэн бөгөөд хэзээнээс олгохыг аймаг нийслэлийн Төрийн сангууд мэднэ гэсэн юм.

Бид энэ дагуу Нийслэлийн төрийн сангийн ажилтнаас лавлахад “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг энэ долоо хоногт эхлүүлнэ. Эхний ээлжинд 11371 иргэнд 8 тэрбум 753,4 сая төгрөгийг буцаан олгоно” хэмээн мэдээллээ.

Татварын хөнгөлөлт эдлэх бичиг баримтаа нэгдүгээр сардаа багтаа өгсөн иргэд эхний ээлжинд мөнгөө авна. Нэгдүгээр ээлжинд буюу энэ долоо хоногт татварын буцаан олголтоо авах боломжтой эсэхийг мэдэхийг хүсвэл та Татварын ерөнхий газрын албан сайтын “Татвар төлөгчийн бүртгэл” хэсэгт нэвтэрч, регистрийн дугаараараа шалгаж болох юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж