Хойд Солонгос: АНУ дайн өдөөх эхлэлийг тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: АНУ дайн өдөөх эхлэлийг тавилаа

АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд Солонгосыг хойг руу чиглэх тушаал аван ойртож очоод байгаа. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгосын гадаад хэргийн яам албан мэдэгдэл гаргасныг тус улсын мэдээллийн агентлаг дамжууллаа.

“АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойгт ойртон ирсэн нь Хойд Солонгос руу довтлох АНУ-ын төлөвлөгөө анхаарал татах хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. АНУ-ын энэ үйлдэл нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, цөмийн хөтөлбөрөө сайжруулах Хойд Солонгосын байр суурь зөв байсныг нотоллоо” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ.

Цөмийн хошуу тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг онгоцоор толгойлуулсан хөлөг онгоцууд хуваарийн дагуу Австрали руу хөвж явсан боловч Сингапурын эрэг хавьд байхдаа Солонгосын хойгийг чиглэх тушаалыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр авч чиглэлээ өөрчлөн Солонгосын хойг руу хөвсөн юм. Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн өчигдөр мэдээлснээр “Карл Винсон”-оос гадна мина тээвэрлэгч хоёр онгоц, мөн баллистик пуужинг барих чадвар бүхий удирдлагатай хөлөг онгоц хамт байгаа юм.

“АНУ-ын үйлдэл нь дайн өдөөх эхлэл бөгөөд БНАСАУ юунд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсгийн хүчин чадлаа бүрэн дайчилж, хүчтэй хариу арга хэмжээ авна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж